Өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.
Дээд Шүүх түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэр болох 4 жил зургаан сараар хорих ялыг 4 жил болгон хөнгөрүүлэх шийдвэр гаргажээ.
Дээд Шүүх, анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтад хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж тайлбарласан юм. Улмаар Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээс үүнийг зөвтгөж, залруулах зүйтэй гэж үзсэн байна.
М.Энхсайханыг Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн. Мөн “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буруутгасан билээ.