Иргэдийн сэтгэл санааг үймүүлэх худал мэдээлэл түгээвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ

оруулсан Алсын Хараа

Олон нийтийн сэтгэл санааг үймүүлэх худал мэдээ, мэдээлэл түгээвэл Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авахыг ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан өнөөдөр анхаарууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Иргэд Эрүүл мэндийн яам, УОК-ын мэдээллээс бусад ямар нэг мэдээлэлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа мэдээлэл нь эцсийн үнэн юм” гэлээ.

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюул гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол Зөрчлийн хуулиар хувь хүнийг 500 мянга, хуулийн этгээдийг 5 саяар торгодог байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд , "Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно",

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд, "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.

Сэтгэгдэл бичих