Сүүлийн хоёр хоногт коронавирусний 14 тохиолдол илэрлээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн хоёр өдөр буюу энэ сарын 9, 10-нд нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнд коронавирус илэрчээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэхдээ, “ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 61 хүн эмчлүүлж байна. ОХУ-ын дөрвөн иргэн хил дээрээс буцсан. Гэхдээ Монголд оношлогдсон учраас манай улсын батлагдсан тохиолдлын тоонд бүртгэгдэж байгаа. Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 24 хүнийг яаралтай тогтоож, ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Шинжилгээний хариу удахгүй гарна” хэмээв.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 382 болжээ. Үүнээс 317 хүн эдгэрсэн бол 61 хүн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-д нийт 165 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байгаа аж.

Сүүлийн хоёр өдрийн шинжилгээний хариуг задалж танилцуулбал, “Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнд халдвар илэрчээ. Нэг нь Беларусийн иргэн, ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө нь ОХУ-ын иргэн өөрийн болон тус улсын албаныхантай зөвшилцөж, нутагтаа эмчилгээ хийлгэхээр буцсан байна. Арваннэгдүгээр сарын 8-нд Алматы-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүн,  10 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээ, 10 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээ, 10 дугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээ, халдвар илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан хүний хоёр дахь шинжилгээ, хоёр хүний хяналтын шинжилгээнд тус тус халдвар илэрчээ.

Сэтгэгдэл бичих