Дэлхий нийтэд СOVID-19 халдварын хоёр дахь давалгаа эрчимтэй явагдаж, өвчлөл, нас баралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос «Маскаа зүүцгээе, гараа угаая» хоёрдугаар аяныг өнгөрсөн сараас орон даяар өрнүүлж байгаа.
УОК-ын 2020 оны аян зохион байгуулах тухай дөрөвдүгээр албан даалгавраар цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон харьяа байгууллагуудтай хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга нарт даалгасан.
Албан даалгаврыг орон нутагт аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хэрэгжүүлж байгаа ч үр дүн тааруу байна. Тухайлбал, зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд болон зарим төрийн байгууллагууд амны хаалтгүй хүмүүст үйлчилсэн хэвээр байгаа. Үүнийг мэргэжлийн байгууллагууд ч хүлээн зөвшөөрч байна.
«Байгууллагууд өдөр бүр жижүүр гаргаж, амны хаалтгүй хүмүүсийг дотогш нэвтрүүлэхгүй байх шаардлагатай. Хоёрдугаарт, үйлчлүүлэгчийн гарыг орж, гарахдаа ариутгаж байх ёстой. УОК-ын албан даалгаврын хэрэгжилт тун хангалтгүй байна. Эрүүл мэнд, боловсролын байгууллагуудаар орж шалгалт хийхэд үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүх шаардлага тавьж байгаа зүйл байхгүй байна» хэмээн аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад З.Азат хэллээ.
Ард иргэд ч үүргээ ухамсарлаж өөрсдийнхөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлын төлөө амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр оруулах ёстойг тэрээр онцлов.
Улсын Онцгой комиссын дээрх албан даалгаврын биелэлт хангалтгүй байгаа тул аймгийн Онцгой байдлын газар өнөөдрөөс албан байгууллагуудад шалгалт хийж, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохих түвшинд хийгээгүй эрх бүхий этгээдүүдэд Гамшгаас хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж эхлэх ажээ.