Эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах, “COVID-19” цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг халдвар хамгаалал, ажиллах орчинг сайжруулах, Алтанбулаг боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаныхан Сэлэнгэ аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа.
ЗӨСҮТ-д халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийг байршууллаа
“COVID-19” цар тахлын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед УОК болон ЭМЯ-наас хилийн боомтуудад ихээхэн анхаарал хандуулж буй. ЭМЯ-наас халдварын эрсдэл өндөр Цагааннуур, Боршоо боомтыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлсэн. Улмаар УОК-оос дээрх боомтуудыг түр хугацаанд хааж, халдвар хамгааллыг өндөржүүлээд байна. Энэ удаад эрсдэл хамгийн өндөр, асуудал үүсээд буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд УОК-ын гишүүд ЗТХ-ийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан, МХЕГ-ын дэд дарга н.Энхсайхан, Сэлэнгэ аймгийн онцгой комиссын гишүүд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМЯ-ны удирдлагууд, МХАҮТ-ын төлөөлөл болон албаныхан оролцлоо.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хамгийн өндөр зэрэглэлийн гэгддэг явуулын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг илгээсэн. Тус явуулын лаборатори нь камаз авто машинд суурилуулсан, иж бүрэн тоноглолтой бөгөөд өнөөдөр ЗӨСҮТ-д хүлээлгэн өглөө. Тус явуулын лабораторийг Алтанбулагийн боомтод байршуулна. Ингэснээр төвөөс алс хил залгаа боомтуудад тандалтын судалгаа, шинжилгээ хийх боломж бүрдэж байна. Одоо дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давлагаа эрчимтэй тархаж, улмаар манай хөрш ОХУ-ын Хиагт, Наушки зэрэг сууринд батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаа нь ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөхөд хүргээд байна. Сүүлийн 10 хоногт ачаа тээврийн 9 жолоочоос коронавирусний халдвар илэрлээ. Одоо бид халдварын бүсэд ажиллаж буй мэргэжилтнүүддээ, хилтэй ойрхон оршиж буй 5000 гаруй суурин айлуудад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна” хэмээв.
Тус хуралдаанаар Алтанбулагийн боомтыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлж, улмаар зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг төмөр замаар дамжуулан авах саналаа аймгийн онцгой комиссоос УОК-д хүргүүлэхээр болов. УОК-ын шийдвэрийг ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.
Сэлэнгэ аймагт шинээр байгуулсан PCR шинжилгээний лаборатори 24 цагийн турш шуурхай ажиллаж байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон албаныхан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтай танилцлаа. Энэ үеэрээ Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж санал бодлыг нь сонсох, шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангах асуудлыг шуурхай шийдвэрлэх, эрсдэлтэй цаг үед сайн ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг шагнаж урамшуулав. Мөн ЭМЯ-наас Сэлэнгэ аймагт шинээр Молекул Биологийн лабораторийг өнгөрсөн сарын 10-нд ашиглалтад оруулсан. Тус шинэ лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус лаборатори 24 цагийн турш PCR болон Gene expert шинжилгээг хилээр нэвтэрсэн ачаа тээврийн жолооч нарт шуурхай цаг алдалгүй хийж байна.
Нийт 800 гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас ачаа тээврийн жолооч нарын шинжилгээг Дархан хот руу явуулж хариуг нь авдаг байсан. Өдөр бүр Улаанбаатар хот руу эргэлзээтэй сорьц, халдвартай хүн тээвэрлэхэд 1-2 хоног зарцуулж, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл их, хүний нөөц хүрэлцэхгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан. Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгаас Дархан хотын лаборатори руу 4456 жолоочийн шинжилгээг явуулснаас 17 нь эерэг гарчээ. Шинжилгээний хариуг хүргэж өгөх, авахад дунджаар 2-3 хоног зарцуулдаг байв. Ингэснээр цаг их алдах, зардал өндөр, хариугаа хүлээх хооронд халдвар тархах эрсдэл их байсан. Ийнхүү ЭМЯ, Эрүүл мэндийн сайдын санаачилга, дэмжлэгтэй аймагтаа Молекул биологийн лабораторитой болж, цаг алдалгүй коронавирусээс урьдчилан сэргийлж байна гэж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од албаныханд танилцууллаа.
Цар тахлын үед Сэлэнгэ аймагт энэ төрлийн лаборатори ашиглалтад орсноор вирус судлалын түвшинд том ахиц гарч байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хот руу халдвартай хүний шинжилгээг баталгаажуулахаар явуулаад байх шаардлагагүй болжээ. Мөн ЭМЯ-наас тус аймагт “Хамар, амны залгиураас сорьц авах” зориулалтын хоёр кабиныг хүлээлгэн өглөө. Нэг кабиныг нь Алтанбулаг шалган нэвтрүүлэх бүсэд, нөгөөг нь Эрүүл мэндийн газрын гадна талд байршуулав.
Алтанбулаг боомтын эрсдэлтэй орчинд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн ажилчдын тоог нэмэх, ажиллах орчин, боломжийг сайжруулахаар болов
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд болон албаныхан Алтанбулаг боомтод ажиллаж буй ЗӨСҮТ-ийн салбарын ажилтай танилцав. Алтанбулаг боомтод халдвар хамгааллыг цаг наргүй хийж буй мэргэжилтнүүдийн орон тоог нэмэх, хувцас хэрэглэлийг сайжруулах, холбогдох асуудлыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэхээр боллоо. Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цар тахлын үед хариуцлагатай ажиллаж буй аймгийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд, халдвар хамгааллын эрсдэлтэй орчинд ажиллаж буй мэргэжилтнүүдэл талархал илэрхийлж, ЭМЯ-наас бүх талын дэмжлэгийг үзүүлэхэд анхаарч ажиллаж байгаа” гээд ЗӨСҮТ-ийн биологич Г.Отгонсүрэн, лаборант Д.Номин нарыг ЭМЯ-ын жуух бичгээр шагнасан тухай ЭМЯ мэдээлэв.