Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд маоричуудыг дэлхийд таниулж байна

оруулсан Алсын Хараа

Улстөрч Нанайа Махута энэ долоо хоногт Шинэ Зеландын анхны эмэгтэй, уугуул Гадаад хэргийн сайд болж шуугиан тарьсан билээ. Гэвч түүний маори үндэсний моко шивээснээс болж улс төрийн карьер нь тийм ч дардан байгаагүй аж.

Махута 2016 онд маори үндэстний шивээсний ёслолд оролцсоныхоо дараа уруул, эрүүн дээгүүрээ шивээстэй анхны парламентын гишүүн болсон юм. Тэрбээр “Манай үндэстний шивээс миний маори үндэстэн байгаадаа бахархаж буйг, манай ард түмний соёлыг илэрхийлж байгаа юм” хэмээн жиргэжээ.

Махутагийн ачаар өдгөө моко шивээс Шинэ Зеландын нийгэмд түгээмэл болж, нийтээр хүлээн зөвшөөрсөн байна. Моко шивээс уугуул маоричуудын хувьд соёлын асар их ач холбогдолтой бөгөөд шивээс хийлгэсэн хүн өвөг дээдэстэйгээ холбогддог хэмээн үздэг аж.

Хүн бүрийн моко хоорондоо ялгаатай, дахин давтагддаггүй бөгөөд моко шивээсээр нь тухайн хүний нийгмийн статус, ажил мэргэжил гэх мэт онцлогийг мэдэх боломжтой юм байна. Түүнээс гадна хоёр хацар дээрх моко шивээсээр нь тухайн хүний эцэг эхийг нь таньдаг аж.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих