Туркийн баруун нутагт газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 114 болж нэмэгджээ. Байгалийн гамшгийн улмаас 113 хүн амиа алдсан гэж тус улсын Онцгой байдал, байгалийн гамшгийн агентлаг урьд нь мэдээлж байв.
Хамгийн сүүлийн мэдээллээр, газар хөдлөлтөд 114 хүн амиа алдаж, 1035 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүнээс 137 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар нурж сүйдсэн хоёр байшинд эрэн хайх-аврах ажиллагаа үргэлжилж байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Туркийн баруун нутагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Газар хөдлөлтийн төв нь Измир мужийн Сеферихисар хотын ойролцоо Эгийн тэнгист байсан бөгөөд чичирхийлэл ойролцоох Грекийн арлуудад мэдрэгдсэн байна. Грекийн Самос арал дээр хоёр хүн амиа алдаж, 19 гэмтжээ. Газар хөдлөлт жижиг цунами үүсгэж, Сеферихисар хотын эргийн гудамжнууд үерт автсан байна. Измир мужид 20 орчим барилга байшин нурж сүйджээ.