Венад болсон террорист халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээлээ хэмээн террорист болон хэт давруу үзэлт бүлэглэлүүдийн үйл ажиллагааг интернетэд мөшгөдөг “SITE Intelligence Group” цахим хуудас мэдээлсэн байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, тус цахим хуудас автомат буу болон гар буугаар зэвсэглэсэн Абу Дагна аль-Олбани гэдэг сахалтай эрийн зургийг нийтэлжээ. Мэдэгдэлд дурдсанаар, тэрбээр даваа гарагт цагдаа нарын гарт амиа алдахын өмнө Вена хотын төвд хүмүүс рүү хутгатай дайрсан байна. Террорист халдлага Лалын улстай холбоотой гэх өөр нотолгоог дурдаагүй аж.
Гэмт этгээдийг Лалын улсын үзэл суртлыг баримтлагч хэмээн өмнө нь Австрийн Дотоод хэргийн яам мэдэгдсэн юм. 2019 онд түүнийг “Лалын улс” бүлэглэлийн эгнээнд багтаж, Сири рүү байлдахаар явах оролдлогыг зэмлэн буруушааж байжээ. Харин тэрбээр Австрийн хууль сахиулах байгууллагуудад өөрийгөө засарсан гэж итгүүлж чадсан учир хугацаанаасаа өмнө суллагдсан байна.
Венад 11 дүгээр сарын 2-ны орой террорист халдлага болсон юм. Хотын олон хэсэгт хүмүүс рүү гал нээсэн хэргүүд гарсан тухай гэрчүүд мэдээлсэн байна. Халдлагын улмаас 22 хүн шархдаж, 4 хүн амь үрэгджээ. Халдлага болсон хэргийг мөрдөн шалгах хүрээнд цагдаа нар дор хаяж 16 хүнийг саатуулаад байгаа аж.