Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Тэрбээр тус корпорацын захирлаар таван жил ажилласан бөгөөд ажиллах хугацаа нь дуусаж байгаа аж.
Сүүлийн үед түүнтэй холбоотой шилэн дансны дараах мэдээллүүд нийтэд ил болоод байв. Тодруулбал, Шангри-Ла спорт цогцолборын түрээс буюу иогийн сарын төлбөрт 30 сая төгрөг байгууллагынхаа мөнгөнөөс шилжүүлж, 6 байр, үйлчилгээний зориулалт бүхий 4 үл хөдлөх, 3 павильонтой ахлах хянан шалгагч Д.Ганбатдаа 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн Шилэн дансны гүйлгээ нь ил болсон юм.
Зураг. Шилэн дансны баримт
Шилэн данстай холбоотой төрийн байгууллагуудын зориулалтын бус зарцуулалтууд ил болсоор буй. Тэгвэл тухайн байгууллагуудын төсвийг шууд хасах талаар шийдвэрлэж байгаагаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд тайлбарлаад “Төсөв боловсруулах үед боломжгүй, манайх үнэхээр мөнгө байхгүй гэж хэлдэг. Шилэн дансыг бүгдийг нь хараад сууж байгаа” гэдгээ хэлсэн.