БНСУ-ын Дээд шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Ли Мён Багт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
2020 оны хоёрдугаар сард давж заалдах шатны шүүхээс Өмнөд Солонгосын төрийн тэргүүн асанд 17 жилийн хорих ял оноож, нийтдээ 15.7 сая орчим ам.долларын торгууль ногдуулсан юм.
2008-2013 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан өдгөө 78 настай Ли Мён Багт 2018 оны дөрөвдүгээр сард Үндэсний Тагнуулын алба болон “Самсунг Электроникс” компаниас хээл хахууль авсан, мөн аж ахуйн нэгжийн албан татвараас зайлсхийсэн, эзэмшигч нь байсан DAS компанийн хөрөнгийг завшсан зэрэг 16 зүйл ангиар хэрэг үүсгэжээ.
Ли Мён Баг хоёрдугаар сараас хойш гэрийн хорионд байгаа юм. Одоо түүнийг Дээд шүүхийн шийдвэрээр шорон руу шилжүүлэх аж.