Монгол Улсын спортын мастер, дасгалжуулагч А.Ёндоншаравын нэрэмжит 2020 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ сарын 21-27-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод болов. Тэмцээнийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын волейболын спортын холбоо хамтран волейболын спортын мастер, олон улсын дасгалжуулагч А.Ёндоншаравын нэрэмжит болгон түүний төрсөн нутагт нь зохион байгуулжээ.
2020 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын энэ удаагийн тэмцээнд 18 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс нийт 65 багийн 700 гаруй шилдэг тамирчин оролцож, шилдгүүдээ тодруулсан байна. Тэмцээнд өсвөрийн шилдэг хөвгүүдийн 30, охидын 35 баг оролцож, ур чадвар, авхаалж самбаагаараа сорин өрсөлдсөн.
Тус тэмцээнд Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн хөвгүүдийн баг өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс нэг ч хожигдолгүй аварга боллоо.
Тус багийн дасгалжуулагч, багш Ж.Мөнхбаяр өсвөрийн улсын аваргын “Шилдэг дасгалжуулагч”-аар, багийн гишүүн М.Уранбаяр “Шилдэг холбогч”-оор, Б.Санжмятав “Шилдэг хамгаалагч”-аар тус тус шалгарчээ.