Х.Нямбаатар: УДШ бол компаниуд хуулийн зөвлөхөө уралдаж тавьдаг газар биш

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

УДШ-ийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт болон хуульч С.Батхүлэг нарыг нэр дэвшүүлж байгаа аж.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хатуухан үг хэлэв. Тэрбээр “Голомтын Д.Баясгалан гэдэг хүнд шуналаа тат гэж хэлмээр байна. Өөрийнхөө ажилчдаас Их хуралд дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авч хийнэ. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах гэж байна. Шүүхийн тухай хуулийг тодоос тод зөрчиж, хууль дээд зарчмын зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна.

Өмнөх банкны захирлууд нь яг л ингэж бяр нь амтагдаж байгаад чанга унасан шүү. “Голомт” банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзний ширээнд нь суулгахгүй. Би баримттай ярина.

Нэр дэвшигч Батхүлэг гэдэг хүний УИХ-д өгсөн анкет нь байна. Намтартаа 2002-2005 онд төслийн менежер, 200 оны нэгдүгээр сараар гуравдугаар сард улс төрийн боловсролын академид багш, судлаач. 2006-2011 онд “Голомт” банканд хуулийн хэлтэст хуульч, хуулийн хэлтсийн захирал, 2013-2015 онд тус банкы удирдлагын ажлын албаны зөвлөх,  2016 оноос санхүүгийн зөвлөх, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

2015 оны зургаадугаар сараас эхэлж ажилласан гэж тооцохоор дөрвөн жил зургаан сар өмгөөлөгчөөр ажилласан гэж үзье. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих шаардлагад давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх, шүүгч прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх, хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд 10-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлагуудын аль нэгийг хангасан байх ёстой юм байна.

Улсын дээд шүүх хэрэг маргааныг хяналтын журмаар эцэслэж шийддэг хамгийн дээд байгууллага. Хоёрдугаарт, Улсын дээд шүүх бол эрх зүйн хөгжүүлэлт хийдэг шүүх. Түүнээс биш компаниуд хуулийн зөвлөхөө уралдаж тавьдаг газар биш.

Би Ц.Цогт дээр ямар ч зүйл ярихгүй. Ц.Цогтыг дэмжиж байна. Ц.Цогт бол шүүхийн нүүр царай болж, ид өсөж яваа шүүгч. Энэ хүнд 200 хувийн санал өгч байна.

С.Батхүлэгийг хувь хүнийх нь тухайд яриагүй. Түүний анкет, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль хоёрыг л ярьж байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх асуудлаас хойшлуулъя” гэдэг санал гаргав.

ikon.mn

Сэтгэгдэл бичих