Halloween буюу сүнсний баяр нь Монгол Улсын нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй. Иймд Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/-наас ерөнхий боловсролын сургуулиудыг сүнсний баяр тэмдэглэхгүй байхыг анхаарууллаа.
Тус яамнаас 2019 онд Halloween буюу сүнсний баяр тэмдэглэхийг хориглосон тушаал гаргаж байсан юм.
Жил бүрийн аравдугаар сарын 31-нд дэлхийн улс орнууд сүнсний баярыг тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Ялангуяа америкчууд ойролцоогоор 2,5 тэрбум ам.долларыг ганцхан энэ өдөрт зориулдаг байна. Энэхүү баярын үүсэл нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой аж. Эртний кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддэг байжээ.