Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томилж, өнөөдөр тамгыг нь хүлээлгэн өглөө. Уг хүндэтгэлийн ёслолд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон батлан хамгаалах салбарын алба хаагчид оролцсон юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тус салбарын төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх суурь нь орон нутгийн цэргийн штабын ажиллагаа байдаг юм. Ер нь эх орноо хайрлах, хамгаалах сэтгэлгээ, эх орныхоо аюулгүй байдлыг хангахад хүч нэмрээ зарцуулах нь ямар онцгой болохыг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал ажил. Ялангуяа, улсын нийт хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахад зэвсэгт техникээс гадна иргэн бүрийн оролцоонд тулгуурладаг.
Орон нутаг бүр, иргэн бүр батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болдог учраас нийслэлийн Цэргийн штабын даргын ажлыг хүлээлцэх ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг юм. Улаанбаатар хот үргэлж мандан бадрахад та бидний хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж, нийслэлийн Цэргийн штабын хамт олонд амжилт хүсье. Батлан хамгаалах салбарын алба хаагчид эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Тиймээс эргээд энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн баталгааг хамтран шийдэх нь чухал” гэв.
Ташрамд дурдахад, 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-25-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн. Цэргийн насны залуусын 96 хувь нь бүртгэлд хамрагдсан аж. Нийслэлийн Цэргийн штабаас энэ удаагийн цэрэг татлагын үеэр өөрсдийн хүсэлтээр цэргийн албанд явсан оюутан олон байсныг онцоллоо.
Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр “Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах салбарын бодлогыг үргэлжлүүлэх, иргэн бүрт салбарын үйлчилгээг үзүүлэхэд Цэргийн штаб ихэд анхаарч ажилладаг. Өнгөрсөн жилүүд батлан хамгаалах салбарын хувьд эрх зүйн шинэчлэлийн үе байлаа. Одоо хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхээс авахуулаад цаашид олон ажил, арга хэмжээ зохион байгуулах он жилүүд эхэлж байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан хийж бүтээх ажил олон байна. Эхнээс нь хэрэгжүүлж ажиллана” гэв.