Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Ноднин гуравдугаар сарын 6-нд "Эрдэнэт үйлдвэр"-ийг төрийн мэдэлд 100 хувь шилжүүлж, онцгой дэглэм тогтоосон байна. Үүнээс хойш үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж байгаа аж. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2019 онд борлуулалтын орлогоо 119.5 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 516.8 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Улмаар улс, орон нутгийн төсөвт 961.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Харин энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтын орлого 198 тэрбум, цэвэр ашиг 353.3 тэрбум болж, улс, орон нутгийн төсөвт 811,5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулаад байна. "Монголросцветмет" ТӨҮГ өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 56.5 тэрбум төгрөгөөр өсгөн, 34.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 33.4 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтынх нь орлого 28.7 тэрбумаар өсөж, цэвэр ашиг нь 24.4 тэрбумд хүрч, 30.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.
Мөн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн загварыг УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдааныг өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 9-нд нээлттэй зарласан. Уралдаанд 14 уран бүтээлч 36 бүтээлээ ирүүлсэн байна. Тиймээс шалгарсан бүтээлийг ойн ёслолд зориулалтын дагуу хэрэглэх, нийтэд сурталчлан таниулахыг мөн холбогдох сайд нарт даалгалаа.