Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон төв банкны газрын захирлууд ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг өчигдөр хэвлэлийнхэнд танилцуулав. Танилцуулга инфляци, макро эдийн засгийн өсөлтийн төлөв, мөнгөний үзүүлэлт, төлбөрийн тэнцэл, гадаад зах зээл, санхүүгийн тогтвортой байдал сэдвийн хүрээнд боллоо.
Найман хувийн зээлтэй иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх боломжгүй
Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж, нийт 5 их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг 88 мянга гаруй өрхөд олгожээ. Тодруулбал, гэр хорооллын 24 мянга гаруй өрх орон сууцанд орж, орон нутгийн 15 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагдав. Хөтөлбөрийн хүрээнд 11,178 өрхийн арилжааны нөхцөлөөр авсан ипотекийн зээлийг 8 хувийн зээлд шилжүүлснээр өрхүүдийн худалдан авах чадвар сайжрах, өрийн дарамт буурахад дэмжлэг болжээ.
“Төв банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах юм. Төв банкнаас санхүүжилт гарган ипотекийн зээл олгох нь богино хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулж, дунд, урт хугацаанд инфляци өсгөдөг тул энэ зорилттой харшилдаг. Ийм учир олон улсад орон сууцны хөтөлбөр дэмжих санхүүжилтийг Засгийн газраас олгодог. Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтээ энэ оноос зогсоосон ч дэлхий нийтийг хамарсан “Covid-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ипотекийн 8 хувийн зээлд он дуустал санхүүжилт олгохоор болсон. Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгож бууруулах тооцоо хийснээр хэрэгжээд эхэллээ. Үүнд нэмж мөнгө зориулахгүйгээр өмнөх зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн 6 хувийн зээлийг санхүүжүүлнэ. Ингэхдээ жилд төв банкнаас 150, арилжааны банкуудаас 150 тэрбум гаргах юм. Жилд 6-7 мянган зээлдэгч орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагддаг. Найман хувийн зээлтэй иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх боломжгүй. Учир нь үүний 2 хувийн зөрүү гэхэд 400 гаруй тэрбум төгрөгийн татаас үүсэхээр байгаа. Хүсвэл найман хувийн зээлээ хааж тэглээд, ипотекийн 6 хувийн зээлд хамрагдах боломж бий” гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлалаа.
Инфляцийг бууруулж тогтворжуулна
Мөнгөний бодлогын зорилтод инфляцийг ирэх жилүүдэд буюу дунд хугацаанд 6 орчим хувьд тогтворжуулна гэж тусгажээ.
Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци энэ оны есдүгээр сард улсын хэмжээнд 1,7 хувь, Улаанбаатар хотод 1,4 хувьд байна. Хэрэглээний үнийн индексийн 40-55 хувь нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, гадаад шууд хөрөнгө оруулалт, зэсийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой юм.
Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ярихдаа, “Инфляцийг онилох мөнгөний бодлого нь зорилтот түвшинд хадгалахаас гадна хүлээлтээр дамжуулан тогтворжуулах зорилгыг давхар агуулдаг. Инфляцийг нам түвшинд, тогтвортой хадгалах нь иргэдийн бодит орлого, өрхийн амьжиргааг хамгаалахын зэрэгцээ макро эдийн засгийн өрнөл, уналтын савалгааг бууруулах суурь нөхцөл болдог.
Монгол Улсын хувьд8 инфляци сүүлийн 3 жилд 8 хувь орчимд хадгалагдлаа. Инфляцийн хэлбэлзэл харьцангуй өндөр хэвээр байна. Үүнд нийлүүлэлтийн болон нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн үнийн хэлбэлзэл нөлөөлсөн. Улсын эдийн засгийн бүтэц төрөлжөөгүй, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил сул, экспортын орлогын дийлэнх нь уул уурхайн баялгаас бүрддэг учир дотоод эдийн засаг гадаад хүчин зүйлээс өндөр хамааралтай байна. Энэ нь эдийн засаг, санхүүгийн системийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, инфляцийн хэлбэлзлийн гол шалтгаан болдог. Түүнчлэн, гадаад шокоос үүдэлтэй валютын ханшийн өөрчлөлт инфляцид хүчтэй нөлөөлсөн” гэлээ.
Эдийн засаг 2,6 хувиар агших хүлээлттэй байна
Энэ оны хоёрдугаар хагаст эдийн засаг 2,6 хувиар агших төсөөлөлтэй байгаа. Энэ нь 2020 оны сүүлийн хагаст нүүрсний экспорт сэргэж, Оюутолгойн алтны агууламж нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн ч цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг сунгаж, томоохон төслийн бүтээн байгуулалт удаашрах, төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын зардал буурсан гээд цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их байгаатай холбоотой юм.
Эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст хүлээлтээс доогуур үзүүлэлттэй гарсан. Үүнд “Сovid-19” цар тахлаас шалтгаалан эдийн засгийн идэвхжил суларч, хөдөө аж ахуй, мэдээлэл холбооны салбараас бусад ялангуяа уул уурхайн салбар хумигдан, алт, төмрийн хүдрээс бусад түүхий эдийн олборлолт буурснаар уул уурхайн салбар 29,4 хувиар огцом агшсан нь голлон нөлөөлжээ.
Төсвийн алдагдал 2,1 их наяд төгрөгт хүрэхээр байна
Энэ онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11,8 их наяд, төсвийн зардал 13,9 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 2,1 их наяд төгрөгт хүрэхээр байгааг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тэмдэглэжээ.
Түүнчлэн, батлагдсан төсвөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оноос нэг их наяд, төсвийн зардал 1,5 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал 2020 онд өмнөх оноос 1,5 их наяд төгрөгөөр тэлэх төсөөллийг боловсруулсан байна. “Covid-19” цар тахлын улмаас төсвийн орлого өмнөх оны мөн үеэс тасалдаж, цаашид төсвийн алдагдал батлагдсан дүнгээс нэмэгдэх эрсдэлтэй байгаа.
Энэ оны эхний хагаст төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 16,3 хувиар буюу 800 тэрбум төгрөгөөр буурч, 4,1 төгрөгт хүрсэн бөгөөд тэнцвэржүүлсэн орлогын 91,2 хувийг татварын орлого бүрдүүллээ. Харин дээрх хугацаанд төсвийн нийт зардал өмнө жилийн мөн үеэс 1,6 их наяд орчим төгрөгөөр нэмэгджээ. Тайлант хугацаанд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2,2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.