Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно

оруулсан Алсын Хараа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар жил бүр хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан, шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Шагналыг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрлөөр шалгаруулж байна.

Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө нь байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ.

Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө нь байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Зах зээлд сүүлийн 2 жилд нэвтрүүлсэн байх;
  • Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник, технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх;
  • Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх;
  • Олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх;
  • Инновацийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх.

15.1.1. Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх;

15.1.2. Импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх;

15.1.3. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх.

Хүсэлтийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 118 тоот өрөөнд хүлээн авна.

Холбоо барих утас: 263180

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗАР

Сэтгэгдэл бичих