Монгол Улсын Гавьяат багш, техникийн ухааны доктор Ж.Цэвээнжавтай ярилцлаа.
-Монгол Улс занараар бүтээгдэхүүн гаргаж байсан гэх юм. Энэ хэр бодит вэ?
-Занарын судалгаа явж байснаас занар олборлож байгаагүй. Хамгийн сүүлд миний мэдэхээр Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт занар байдаг гээд би тэнд очиж байлаа. Хятадууд хайгуул хийж байсан. Тэнд яг олборлолт явагдаагүй. Та нар дуулж байсан байх. Төв аймгийн Эрдэнэсант сумаас урагшаа Дундговь аймгийн Дэрэн сумын хойд талд Өвөржаргалант гэж хамгийн их занартай газар байдаг. Тэнд америкчууд хөрөнгө оруулаад хайгуул хийж байсан. Занарынх нь давхарга 40 метр зузаантай тийм том хайгуул хийсэн. Тухайн үед занарын үе нэлээн гүнд байгаа гэж Монголын шатдаг занарын судалгаа хийж судалдаг докторууд болох Д.Бат-Эрдэнэ, Л.Жаргал нар тогтоосон. Энэ нь геологийн судалгааны хувьд маш чухал ач холбогдолтой. Монголын шатдаг занар нь нуурын гаралтай, органик материал нь нэг төрлийн керогенээс тогтдог. Шатдаг занарын зузаан маш их, зарим ордууд дээр 300 м хүрдэг. Занарын хамгийн гол юм зүйл нь нэгдүгээрт, нөөц нь байх ёстой. Хоёрдугаарт, давирхайн агуулга гэж байгаа. Энэ нь занарыг халааж давирхай гарган нэрээд бензин, дизелийн түлш болгодог. Тэгэхээр энэ утгаараа манай улсын Өвөржаргалантад тухайн үед америкчууд хөрөнгө оруулалт хийгээд, гүйцэтгэгчээр нь Монголоос хүмүүс тавигдаад ажиллаж байсан. МУИС-ийн захирал, физикийн багш Ганцог багш хүртэл ажиллаж байв. Би ч бас зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан юм. Ерөнхийдөө тэнд занар байгааг тогтоочихсон байсан. Гэтэл тухайн орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тухайн үед америкчууд занар газрын гүнд байгаа учраас газар доороос нь халаана гэж байв. Гэтэл хуучин ЗХУ-ын Эстонд занар нь гадаргууд ойрхон учраас шиг ил уурхай шиг олборлож байгаад, занараа гаргаж авчраад хөрз шиг юмыг зууханд хийж халаагаад давирхайг гарган бензин тосоо гаргаж байсан туршлага байдаг. Тэр үед занар гаргах технологи, мэдээ мэдээлэл, бизнесийн нууцаа хадгалж чадаагүй гэх юм уу, орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Уг нь дэлхий дээр байдаг арга технологи байсан. Ингээд тэр компанийг хөөж гаргаад, үйл ажиллагааг эхлүүлж чадаагүй. Америкчууд оруулсан хөрөнгө оруулалтаа Монголын Засгийн газраас нэхэмжилсэн эсэхийг мэдэхгүй байна. Том улс орон нэхэмжлээгүй ч байж магад. Ингээд занар төгсгөл болсон. Төгсгөл болоогүй бол тэнд занар их бий.
Монгол Улсын 2014 оны “Газрын тосны тухай” хуулиар Занарын тос нь газрын тосны уламжлалт бус эх үүсвэр гэж тооцогддог болсон бөгөөд түлш шатахуун хомсдож, газрын шингэн тосны нөөц ч багасаж байгаа өнөөгийн нөхцөлд шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий зэрэг эх үүсвэрүүдийг авч үзэх нь эдийн засаг-бизнес, нийгмийн чухал ач холбогдолтой гэж заасан. Тийм учраас энэ чиглэлээр төр засаг дэмжих, ард түмнийг соён гэгээрүүлж мэдлэгжүүлэх хэрэгтэй ажлууд хийх хэрэгтэй байгаа юм. Тэгэхдээ судлаачид бидний үзсэнээр манай улсын занар бол нэлээн гүн рүүгээ байдаг.
-Монгол занар дэлхийд өндөр чанартайд тооцогддог гэдэг юм билээ. Манай орны занарын нөөц хэр байгаа вэ?
-Миний таньдаг америк найз Өвөржаргалант хавьд явж байгаад монголчууд өмнө нь тогтоосныг мэдэхгүй үзээд Америкийн Колорадад байдаг шиг занар байна. Занар хүний гар дээр байхдаа яг аргал шиг, хөрз шиг байдаг юм. Их хатажсан том аргал шиг байдаг. Тэр үед америк найз энэ ямар учиртай юм бэ гээд асуухад “Монголын геологийн судлаач эрдэмтдийн бүтээлийг унш” гэж би хэлж байв. Занарын нөөц бол манай улсад 793 тэрбум гэсэн тоо байдаг. Энэ нь геологийн байж болох нийт нөөц нь. Тийм учраас хангалттай нөөц гэсэн үг. Хамгийн гол нь Монголд занарын тосыг ашиглая гэвэл арай өөрөөр буюу Америк, Канад зэрэг өндөр хөгжилтэй орон шиг газар доор халаах аргыг хэрэглэх нь зөв байх гэж бодож байгаа.
-Энэхүү арга нь тохиромжтой гэж та үзэж байна уу. Яагаад?
-Дэлхий дахинд ашиглаж олборлож байгаа өндөр хөгжилтэй орнууд энэ арга нь хамгийн чанартай гэдгийг тогтоочихсон. Чанартай гэдэг нь давирхайн агуулга нь 17, 18 хувь бил үү байдаг. Өөрөөр хэлбэл, чулууны тос гэсэн үгтэй болоод байна шүү дээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч агсан П.Очирбат гуай бид ярьж байлаа. Оросууд бумажный сладж гэдэг. Монголчууд цаасан занар гэж хэлсэн.Олон хаягдал цаас шиг, нимгэн үетэй байхгүй юу. Гадны америк эрдэмтэн Монголд л хамгийн сайн нь байна. Нөөц нь ч их байна гэж хэлж байсан.
-Та түрүүн хэлсэн. Монгол Улсын 2014 оны “Газрын тосны тухай” хуульд занарын талаар заалт бий гэж. Бас Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлд анхаарч Дорноговь аймагт газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах гээд том төсөл эхлүүлээд ажиллаж байна. Гэвч удаашралтай байх шиг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Би Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг, олон улсын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн.Энэ утгаараа хамгийн их мэдээлэлтэй байдаг. Монголд байдал хэцүү болж дэлхий дахинд бензин тос хэцүүдээд байна. Гэтэл яагаад энэ газрын тосны үйлдвэрийн ажил урагш явахгүй байна вэ. Ингээд бодохоор төр засгийнхны хийж байгаа энэ газрын тосны үйлдвэр шал худлаа. Би нэг жил Энэтхэг улсад өвөлжсөн. Тэднийх 19 үйлдвэртэй. Энэтхэг улс яагаад тэрбум ам.доллар өгсөн бэ. ОХУ, БНХАУ хоёрын дургүйг хүргэх гэж тийм их мөнгө өгсөн ч байж магадгүй. Тэрнийг олзолсон хүмүүс байна. Энэтхэгчүүдээр үйлдвэр бариулна гэдэг өөрөө сонин. Монгол мэргэжилтнүүдээсээ асуу. Үйлдвэрийг барихыг хэн ч барина. Хамгийн гол нь менежментийн асуудал. Монголд тийм 1.500.000 үйлдвэр бариад хэрэггүй. Түүхий тосоо тарааж, цуглуулснаасаа хэцүү юм болно. Миний бодлоор Монгол Улсын газрын тосны нөөцийн 98 хувь байдаг Дорнодод яагаад үйлдвэрээ бариагүй юм. Тэр эзгүй газар, тос нь дууссан, газар яагаад барих болсон юм? Баруун аймгууд яасан юм? гэсэн асуултууд байгаад байна. Миний хэлсэн үг яаман дээр болсон хурал дээр байгаа байх. 500-600 мянган үйлдвэр л барих ёстой. Нэгдүгээрт, технологи нь их өөр байх ёстой. Нэрлэгээс өөр технологи байх хэрэгтэй, Хоёрдугаарт, газар зүйн байршлын хувьд хамгийн эхэнд Дорнодод байх. Эсвэл Монголын төв хэсэг Алтан ширээд байж болох юм. Гуравдугаарт, баруун аймгуудад буюу Говь-Алтай, Ховд хавьцаа байвал зүгээр байсан. Цаанаасаа Казахстанаас нефть, тос орж ирж магадгүй. Яагаад улайран зүтгээд байна. Яагаад тэр энэтхэгчүүдэд хамаг менежментээ өгөөд байна вэ гэхээр эндээс цавчаа хийж байна. Гэхдээ нүүрс шиг их цавчаа бол байхгүй. Төрийн бодлого бол 100 хувь буруу. Одоо наад занарын чинь тосыг гаргаад Дорноговийн Алтанширээд аваачна гэвэл үлгэр шүү. Би бас үнэн юм хэлье. Тийм учраас миний хэлсэн тэр газрын тосны үйлдвэрийн талаар, газрын тосны хангамжийн талаар асуувал би олон зүйл хэлнэ.
-Хүний нөөцийн тал дээр та юу хэлэх вэ?
-Хүний нөөцийн хувьд хангалттай. Ганцхан сонголт хэрэгтэй. Ялангуяа унаган мэргэжил нь МУИС, ШУТИС-иудад суралцаж төгссөн тэр улсууд бүх технологи мэдэж, мэргэшсэн байгаа. Энэтхэг рүү хүүхдүүд явуулж байгаа чинь дарга нарын болон таньдаг хүмүүсийн хүүхдүүд байгаад байна. Тэгж битгий мөнгө үрээч ээ. Хамгийн гол нь хуучин бэлтгэгдсэн, одоо ид ажиллаж байгаа улсуудаасаа явуул. Ахмадууд хэрэггүй, ялангуяа идэр насны инженер залуусаа явуулах хэрэгтэй. Тэр дундаа газрын тосны олборлолтоор төгссөн 10, 20 инженер байгаа. Тэднийг одоо улс орондоо ашиглах хэрэгтэй. Яагаад тэднийг ашиглах ёстой вэ гэхээр юу ч мэдэхгүй хүүхдүүд явуулж болохгүй байхгүй юу. Боловсон хүчин манай улсад хангалттай, хүний нөөц хангалттай. Өмнөд Монголын хоньчин ирээд оператор хийдэг, манай улсын эрдэмтэн очоод оператор хийдэг байж огт болохгүй. Монголчуудаа сайн ажиллуулах хэрэгтэй.
Б.Нандинцэцэг