Трампын “түүхэн айлчлал”-ын зорилго ба үр дүн

оруулсан Алсын Хараа

Есөн жилийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Хятад улсад хийж буй гурван өдрийн төрийн айлчлал дэлхий дахины анхаарлын төвд байна. Тэрбээр Бээжин хотод лхагва гаргийн орой ирсэн бол гол яриа хэлэлцээнүүд, үйл явдлууд пүрэв гарагт өрнөж, өнөөдөр нутаг буцлаа.

Айлчлалыг гуравдугаар сард хийхээр товлоод байсан боловч Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхэлснээр хойшлогдсон байна.

Д.Трамп бол Ерөнхийлөгч асан Р.Никсон 1972 онд Хятадад айлчилснаас хойш тус улсад төрийн айлчлал хийж буй Америкийн 8 дахь ерөнхийлөгч юм. Бээжинд буухад нь түүнийг БНХАУ-ын дэд дарга Хан Жэн угтан авсан нь Хятадын тал түүнд ихээхэн хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл гэж ажиглагчид дүгнэлээ. Өмнө нь 2017 онд айлчлах үед дэд ерөнхийлөгчөөс доогуур зиндааны албан тушаалтан буюу Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи угтан авч байв. Д.Трамп дахин сонгогдсоны дараах хоёр улсын төрийн тэргүүн нарын анхны уулзалт өнгөрсөн оны 10 дугаар сард Өмнөд Солонгост АПЕК-ийн чуулганы үеэр болсон билээ.

Трамп Хятадад ирсний гол зорилго бол худалдаа-эдийн засгийн асуудлаарх санал зөрөлдөөнийг зөөлрүүлэх, боломжтой бол арилгах, Ойрх Дорнодын дайн, Орос-Украины дайн зэрэг глобал асуудлуудаарх хоёр талын байр суурийг уялдуулан зохицуулах явдал байв.

Айлчлалын улс төрийн агуулга 

Геополитикийн хямрал гүнзгийрч буй энэ үед дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний төрийн тэргүүн нарын уулзалт найрсаг дотно уур амьсгалд өрнөж, Хятадын удирдагч Ши Жиньпин уг айлчлалыг “хоёр орны харилцаанд шинэ эринийг нээж буй түүхэн айлчлал” гэж өндрөөр үнэллээ. Мөн АНУ, БНХАУ хоёр “Фукидидийн урхийг” даван туулж, их гүрнүүдийн харилцааны шинэ загварыг бий болгож чадна хэмээн найдаж байгаагаа Ши Жиньпин илэрхийлжээ. “Фукидидийн урхи” гэдэг нь өөртэй нь өрсөлдөж чадах улс түрэн гарч ирснээс үүдэн олон жилийн турш хүчирхэг байсан их гүрэн айдас болгоомжлолд автаж буйг илэрхийлдэг улс төрийн нэр томьёо юм. Фукидид гэдэг нь эртний Грекийн түүхч, цэргийн жанжин хүн ажээ.

"Ерөнхийлөгч Трамп Америкийг дахин агуу болгохыг эрмэлзэж байгаа бол би Хятадын ард түмнийг үндэсний сэргэн мандалт руу хөтөлж байна" хэмээн Ши Жиньпин хэлээд, хоёр улс хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр сэргэн мандалтаа урагшлуулах боломжтой гэдгийг онцолсон байна.

Хариуд нь Трамп “Хятад улсыг би маш ихээр хүндэлдэг, Хятад бол гайхамшигтай үзэсгэлэнтэй улс юм, та бол аугаа их удирдагч” хэмээн магтаалын үг хэлэв. Мөн Америкийн компаниуд Хятадын талтай “гайхалтай хэлцлүүд” хийснийг онцлон тэмдэглэжээ.

Өнгөрсөн 9 жилийн хугацаанд Хятад улс сүр хүч, нөлөөгөөрөө АНУ-тай эн зэрэгцэж ирснийг барууны шинжээчид онцолж байна. Трамп ч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Америк-Хятадын харилцааг “Их хослол” гэж нэрлэж байсан юм.

Телевизийн СNBC сувгийн мэдээлснээр, АНУ, БНХАУ хоёр:

  • Стратегийн тогтвортой байдлын үндсэн дээр бүтээлч харилцааг хөгжүүлэх;
  • Худалдааны дайнд “гал түр зогсоогоод байгааг” үргэлжлүүлж, эдийн засгийн харилцаагаа сайжруулах арга замыг эрэлхийлэх;
  • Америкийн компаниудад Хятадын зах зээлд гарах боломжийг нээх, Америкийн эдийн засагт Хятадын компаниудын оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадын тал  худалдан авахаар тохиролцлоо.
  • Ормузын хоолой нээлттэй байх ёстой гэдэг дээр хоёр тал санал нэг байгаа бол Ойрх Дорнодын нефтиэс хамааралт байдлыг багасгахын тулд Америкаас нефть худалдан авахаар төлөвлөж байгаагаа Бээжин мэдэгдэв.
  • “Ирантай хийж буй дайныг дуусгахад бидэнд бусдын тусламж хэрэггүй” гэж Трамп мэдэгдсэн боловч Ормузын хоолойг нээлгэхийн тулд Ираны худалдааны гол түнш болох Хятадад хандсан байж болох юм.
  • Украины асуудал, Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар хоёр удирдагч санал солилцсон гэж мэдээлсэн боловч энэ талаар тодорхой тайлбар өгсөнгүй.

Айлчлалын эдийн засгийн агуулга  

Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Трампын хүү Эрик, технологийн компанийн захирлууд, тэдний дотор чип үйлдвэрлэгч Nvidia компанийн захирал Женсен Хуанг, Tesla, SpaceX компаниудыг эзэмшигч, ерөнхий захирал Илон Маск, Apple компанийн захирал Тим Күүк, хөрөнгө оруулалтын BlackRock компанийн тэргүүн Ларри Финк нар багтжээ. Мөн Meta, Visa, JP Morgan, Boeing, Cargill зэрэг Америкийн тэргүүлэх компаниудын топ менежерүүд Трампыг дагалдан ирсэн байна. Тайвань гаралтай Хуангийн нэр анхандаа айлчлалд оролцох хүмүүсийн жагсаалтад байхгүй байсан боловч дараа нь Трамп түүнд хувийн урилга илгээснээр тэрбээр Бээжинд ирлээ. Хуангийн компани хиймэл оюуны системүүдэд зориулан чип үйлдвэрлэдэг бөгөөд уг салбарт АНУ, БНХАУ хоёр гол өрсөлдөгчид хэвээр байна.

Д.Трампыг дагалдан Бээжинд ирсэн бизнесменүүд 

Өнгөрсөн онд АНУ-БНХАУ-ын худалдааны эргэлт 414,7 тэрбум ам.доллар байсан нь 2022 онд 690,4 тэрбум доллар байсантай харьцуулахад илт буурсан үзүүлэлт юм. Америкчуудын Хятадаас худалдан авсан барааны хэмжээ Хятад руу экспортолсон барааных нь хэмжээтэй харьцуулахад бараг 200 тэрбум доллароор илүү байгаа юм. Иймээс Трамп худалдааны алдагдлыг бууруулах зорилго тээж ирсэн нь ойлгомжтой.

Айлчлалын явцад байгуулсан бодитой томоохон гэрээ бол Хятадын тал Боинг загварын 200 нисэх онгоц худалдан авах захиалга өгсөн явдал бөгөөд үүнийг Трамп “энэ бол маш олон ажлын байр” гэж өндрөөр үнэлжээ. Харин Боинг компани Хятадаас 500 онгоцны захиалга авна гэж хүлээж байсантай харьцуулахад энэ бол даруухан тоо юм. 200 онгоцны захиалгын тухай мэдээ цацагдсаны дараа компанийн хувьцааны ханш 4 хувиар унажээ.

Мөн Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон байна. Тодруулбал, баруун Виржиниа муж улсад хэрэгжиж буй хийн төсөлд 84 тэрбум долларын, Аляска муж улсад барьж буй шингэрүүлсэн хийн байгууламжуудад 43 тэрбум долларын, нийт 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар тохиролцсон тухай CNN мэдээлжээ.

Түүнчлэн хоёр тал хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.Тухайлбал, Америкийн мах боловсруулах 400 гаруй үйлдвэрийн экспортын зөвшөөрлийг Хятадын тал сэргээжээ. Худалдааны дайны улмаас АНУ-аас Хятадад нийлүүлж буй үхрийн махны экспорт 1.7 тэрбум доллароос 500 сая болтлоо буураад байсан юм.

Мөн талууд хиймэл оюун ухааны салбар дахь хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ. Америкийн тал Nvidia компанид үйлдвэрлэдэг H200 чипийг худалдан авахыг Хятадын 10 орчим компанид зөвшөөрсөн байна. АНУ-ын зүгээс хориг тавихаас өмнө тус компанийн чип Хятадын зах зээлийн 95 хувийг эзэлж байсан юм. Хятадын Алибаба компанийн захирал Жо Цай хэлэхдээ, Хятад улс хиймэл оюуны салбарын хөгжлөөр АНУ-аас хоёр жилээр хоцорч байгаа бөгөөд загваруудыг сургахад шаардлагатай тооцоолон бодох хүчин чадал дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрчээ. Харин Гүүгл компанийн дүгнэснээр, хятадууд энэ зөрүүг богино хугацаанд арилгасаар байгаа ажээ.

Хятадын тал өөрийгөө хиймэл оюун ухааны салбар дахь гол тоглогч хэмээн харуулахыг хичээж байгаа бол америкчуудын хувьд, Хятадын компаниуд Америкийн технологийг хулгайлж байж магадгүй хэмээн болгоомжилж, технологио нийлүүлэхээс цааргалж, хориг тавиад байсан юм.

Тайванийн асуудал

Ши Жиньпин хэлэхдээ, Тайванийн асуудал бол  Хятад–Америкийн харилцаан дахь хамгийн чухал асуудал гэдгийг онцлон тэмдэглээд, уг асуудлыг буруу зохицуулбал мөргөлдөөн дэгдэж, хоёр орны харилцаа аюултай байдалд орно гэдгийг анхаарууллаа. Ийм хатуу анхааруулга нь Хятадын удирдагчид хандан Трампын хэлсэн магтаалын үгтэй эрс зөрчилдөж байгааг Associated Press агентлагийн мэдээнд дурджээ.

“Тайваний тусгаар тогтнол” ба “Тайваний хоолой дахь энх тайван байдал” гэдэг нь хоорондоо үл нийцэх хоёр ойлголт бөгөөд Тайваний хоолойд тогтвортой байдлыг хангах нь Хятад, Америкийн хамгийн том нийтлэг ашиг сонирхол гэдгийг Хятадын удирдагч онцлоод, Тайваний асуудалд маш болгоомжтой хандахыг Америкийн талаас хүслээ.

Үүнтэй холбогдуулан дурдахад, өнгөрсөн оны сүүлчээр АНУ-аас Тайваньд 11.1 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх тухай түүхэнд байгаагүй том хэлэлцээр байгуулсан нь Хятадын талын дургүйцлийг төрүүлээд байсан юм. Харин сүүлийн үед зэвсгийн нийлүүлэлт зогссон нь Бээжинг бага боловч тайтгаруулжээ. Тайванийн эрх баригчид цэргийн зардлыг ДНБ-ий 3.32 хувь буюу 30.3 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа бол Вашингтоны зүгээс 10 хувьд хүргэхийг ятгаж байгаа юм.

Айлчлалын гол үр дүн бол яриа хэлэлцээг үргэлжлүүлснээр харилцааг хурцатгалгүй авч үлдсэн явдал бөгөөд хоёр улсын удирдагчид стратегийн тогтвортой харилцааг цаашид хөгжүүлэхээр тогтлоо.

Мэдээж хэрэг, айлчлалын явцад стратегийн гол өрсөлдөгчид болох БНХАУ, АНУ хоёрын харилцаан дахь үндсэн зөрчлүүд арилаагүй боловч талууд тэдгээрийг даамжруулахгүй байхад голчлон анхаарлаа.

Айлчлалын төгсгөлд Д.Трамп Хятадын удирдагчийг энэ оны 9 дүгээр сард АНУ-д айлчлахыг урив.

Сэтгэгдэл бичих