Энэ оны Пулитцерийн шагналтнууд

оруулсан Алсын Хараа

Дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл зүйн шагналын нэг бол яах аргагүй Пулитцерийн шагнал юм. Өнөөдөр энэ нэрийг сонсоогүй сэтгүүлч, редакц, зохиолч гэж үгүй. Дайн, авлига, төрийн нууц, хүний эрхийн зөрчил, том корпорацийн булхай, нийгмийн шударга бус байдлыг илчилсэн олон бүтээл энэ шагналын эзэн болж, зарим нь бүр улс орныхоо хувь заяаг өөрчилж байсан.Пулитцерийн шагнал нь дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл зүйн шагналуудын нэгт тооцогддог бөгөөд жил бүр 20 төрөлд олгодог. Ялагчдыг Колумбын их сургуулийн шүүгчдийн бүрэлдэхүүн тодруулдаг юм.

Энэ шагналын түүх өөрөө их сонирхолтой. Пулитцерийн шагналыг Унгарт төрсөн америк хэвлэлийн магнат Жозеф Пулитцер үндэслэсэн юм. Тэрээр XIX зууны сүүл үед АНУ-ын хэвлэлийн ертөнцийг үндсэндээ өөрчилсөн хүн. Ядуу цагаач хүү Америкт ирээд эхэндээ боол шахуу ажил хийж байсан ч удалгүй сонин хэвлэлд орж, улмаар асар том медиа эзэнт гүрэн байгуулжээ. Гэхдээ Пулитцерийн нэр эхэндээ өнөөгийнх шиг “чанартай сэтгүүл зүй”-тэй холбоотой байгаагүй. Харин ч эсрэгээрээ “шар хэвлэл”-ийн эцгүүдийн нэг гэж нэрлэгдэж байв. Сенсаци, дуулиан, хүний сэтгэл хөдлөлийг өдөөсөн гарчиг ашиглан сониныхоо борлуулалтыг өсгөдөг байсан учир түүнийг шүүмжлэх хүн олон байжээ.

Гэвч нас ахих тусам тэрээр хэвлэлийн жинхэнэ үүрэг бол нийгмийн эрх мэдлийг хянах, авлигыг илчлэх, олон нийтийг боловсролтой болгох явдал гэдгийг ойлгосон гэдэг. Ингээд 1904 онд тэрээр хөрөнгийнхөө ихэнх хэсгийг Колумбын их сургуульд гэрээслэн үлдээж, сэтгүүл зүй ба уран зохиолын шилдэг бүтээлүүдэд олгох тусгай шагнал бий болгохыг хүссэн байна. Ийнхүү анхны Пулитцерийн шагналыг 1917 онд гардуулсан байна. Тэр үеэс хойш энэ шагнал АНУ төдийгүй дэлхийн хэвлэлийн хамгийн том “итгэлцлийн тамга” болж хувирсан.

Пулитцерийн шагнал олон төрөлтэй. Сэтгүүл зүй, фото зураг, тайлбар нийтлэл, эрэн сурвалжилга, редакцын нийтлэл, уран зохиол, жүжиг, хөгжмийн бүтээл зэрэг салбарт өгдөг. Гэхдээ хамгийн алдартай нь мэдээж эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ангилал. Яагаад гэвэл энэ шагналын ард дандаа асар их эрсдэл, заримдаа бүр сэтгүүлчдийн амь нас байдаг. 1973 онд Уотергейтийн дуулианыг илчилсэн “The Washington Post” сонин Пулитцерийн шагнал хүртсэн нь дэлхийн хэвлэлийн түүхийг өөрчилсөн үйл явдал болсон юм. Хоёр залуу сэтгүүлч болох Боб Вудворд болон Карл Бернстейн АНУ-ын ерөнхийлөгчийн ордонтой холбоотой хууль бус тагнуул, улс төрийн бохир ажиллагааг илчилснээр эцэстээ ерөнхийлөгч Ричард Никсон огцорсон. Энэ мөчөөс хойш Пулитцерийн шагнал “төрийг айлгадаг сэтгүүл зүй”-н бэлгэдэл болжээ. Вьетнамын дайны үеийн алдарт гэрэл зураг, Иракт болсон дайны сурвалжилга, Африкийн өлсгөлөн, Оросын авлига, Латин Америкийн хар тамхины картель, Панамын оффшор дансны илчлэлт зэрэг олон том сэдэв Пулитцерийн тайзнаа гарч ирсэн байдаг.Фото сэтгүүл зүйн төрөл ч хүчтэй. Зарим зураг бүхэл бүтэн номоос илүү нөлөө үзүүлдэг. Жишээ нь, Кевин Картерын Суданд авсан алдарт зураг болох өлсгөлөнд туйлдсан хүүхдийн ард тас шувуу хүлээж буй дүр зураг дэлхийг цочоож, түүнд Пулитцерийн шагнал авчирсан. Гэвч тэр зургийн дараах сэтгэл зүйн дарамтыг Картер давж чадаагүй бөгөөд удалгүй амиа хорлосон юм. Энэ явдал “сэтгүүлч хүн зөвхөн ажиглагч уу, эсвэл оролцогч уу?” гэсэн асуултыг дэлхий даяар өрнүүлсэн.

Өнөөдөр Пулитцерийн шагнал зөвхөн цаасан сонинд бус, дижитал сэтгүүл зүйд ч олгогддог болсон. Интернэт, дата анализ, хиймэл сэтгэхүй (ХС), нээлттэй эх сурвалжийн мөрдөн шалгалт хүртэл орчин үеийн сэтгүүл зүйн шинэ хэрэгсэл болжээ. Гэхдээ технологи өөрчлөгдсөн ч Пулитцерийн гол шалгуур өөрчлөгдөөгүй: Тэр бол үнэнийг илчлэх зориг юм. Иймээс энэ шагналын хамгийн том үнэ цэнэ нь мөнгөндөө биш. Харин “Энэ мэдээлэлд итгэж болно” гэсэн олон нийтийн хүлээн зөвшөөрөлт байдаг. Тийм учраас дэлхийн том редакцууд Пулитцерийн шагналыг Олимпийн алтан медаль шиг үздэг. Сонирхолтой нь, Пулитцерийн шагнал авсан бүх хүн өөрийн улсын “баатар” болдоггүй. Зарим нь засгийн газрын дарамтад орсон, зарим нь шүүхэд дуудагдсан, зарим нь эх орноосоо дүрвэсэн байдаг. Гэвч тэдний нийтлэл, зураг, баримт нийгэмд үлддэг. Иймээс Пулитцерийн шагнал бол зүгээр нэг медаль биш. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө, баримтын үнэ цэнэ, үнэнийг эрж хайх хүний зөрүүд зангийн бэлгэдэл юм. Хүн төрөлхтөн худал суртал ухуулга, дайн, авлига, мэдээллийн манипуляцитай нүүр тулсаар байгаа цагт Пулитцерийн шагналын үнэ цэнэ буурахгүй. Учир нь сум айдас төрүүлдэг бол үнэн түүх өөрчилдөг.

Энэ 2026 оны тавдугаар сарын 4-нд Колумбын их сургуулиас Пулитцерийн шагналын эздийг албан ёсоор зарлахад энэ жилийн гол өнгө аяс маш тод харагдсан билээ. Энэ удаагийн шагналуудын төвд улс төрийн эрх мэдлийн нөлөө, цахим хяналтын технологи, мөрдөн сурвалжлах сэтгүүл зүй, мөн дайны сэдэв байлаа.Уран зохиолын төрөлд Америкийн зохиолч Дэниэл Краус “Angel Down” буюу “Шургаж унасан Тэнгэрийн элч” романаараа шагнал хүртэв. Энэхүү бүтээл нь дэлхийн нэгдүгээр дайны аймшиг, хүний сэтгэл зүй, фронтын амьдралыг маш хүнд бөгөөд бараан уур амьсгалтайгаар дүрсэлсэн гэдгээрээ онцлог байсан юм. Шүүмжлэгчид уг романыг “Дайны тухай роман биш, харин хүн төрөлхтний айдсын тухай бүтээл” хэмээн тодорхойлжээ. “Нийгэмд үйлчилсний төлөө” гэх хамгийн нэр хүндтэй ангилалд “The Washington Post” сонин Дональд Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй холбооны байгууллагуудын шинэчлэл, төсөв таналт болон түүний үр дагаврыг сурвалжилсан бүтээлээрээ шагнал хүртэв. “Шуурхай мэдээний сурвалжилга” төрөлд “The Minnesota Star Tribune” сонины хамт олон католик сургуульд гарсан буудлагын талаар хийсэн сурвалжилгаараа шалгарсан бөгөөд уг халдлагын үеэр хоёр хүүхэд амиа алдаж, 17 хүн шархадсан байна. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шагналыг “The New York Times”-ийн сэтгүүлчид хүртжээ. Тэд Дональд Трамп ашиг сонирхлын зөрчлийн хязгаарлалтыг зөрчсөн байж болзошгүй, мөн албан тушаалын нөлөөг гэр бүл болон холбоотнуудынхаа ашиг сонирхолд ашигласан тухай нийтлэлүүдээрээ авсан байна. “Орон нутгийн сурвалжилга” төрөлд хоёр баг шагнал хүртэв. Үүнд Дэйв Алтимари, Жинни Монк нарын “The Connecticut Mirror”-ийн сэтгүүлчид “ProPublica”-ийн Софи Чоу, Хару Корин нартай хамтран хийсэн бүтээл, мөн “Chicago Tribune” сонины Чикаго дахь Трампын засаг захиргааны цагаачлалын ажиллагааны талаарх сурвалжилга багтжээ. “Үндэсний мэдээ” ангилалд “Reuters” агентлагийн баг АНУ-ын ерөнхийлөгч төрийн механизм болон дэмжигчдийн нөлөөг ашиглан гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ тэлж, өрсөлдөгчдөдөө шахалт үзүүлсэн тухай сурвалжилснаараа энэ шагналыг авсан байна. “Олон улсын сэтгүүлзүй” төрөлд “Associated Press” агентлагийн сурвалжлагчид “Цахиурын хөндий”-д хөгжүүлсэн олон нийтийг хянах технологи дэлхий даяар хэрхэн тархаж буй талаар хийсэн мөрдөн шалгах бүтээлээрээ авчээ.

Тусгай шагналыг “Miami Herald” сонины сэтгүүлч Жулиа Браун 2017-2018 онд санхүүч Жефри Ейпштений талаар нийтэлсэн цуврал материалынхаа төлөө хүртсэн байна. Хөгжмийн төрөлд Габриэла Лена Франк “Пикафлор: Ирээдүйн домог” (“Picaflor: A Future Myth”) бүтээлээрээ шагнал хүртжээ. Латин Америкийн хөгжмийн өнгө аясыг орчин үеийн симфони хэлбэртэй нэгтгэсэн энэ бүтээлийг шүүгчид “соёл хоорондын хөгжмийн шинэ хэл” гэж үнэлсэн байна. 2026 оны Пулитцерийн шагналуудыг нэгтгэн харахад, өнөөдрийн дэлхий ямар айдастай нүүр тулж байгааг тод харуулж байна. Өмнө нь сэтгүүлчид ихэвчлэн дайн, авлига, улс төрийн нууцыг илчилдэг байсан бол одоо тэд алгоритм, цахим хяналт, төр-технологийн нэгдэл, мэдээллийн далд манипуляцитай тэмцэх болсон байна.Өөрөөр хэлбэл, XXI зууны шинэ “том аюул” танк биш, харин өгөгдөл цуглуулдаг систем болжээ. Харин Пулитцерийн шагнал тэр системийг хамгийн зоригтойгоор илчилсэн хүмүүст очсоор байна.

Г.АМАРСАНАА

Сэтгэгдэл бичих