Дарангуйллын тогтолцоо түүх болж эхлэв

оруулсан Алсын Хараа

Дэлхийн эдийн засгийн нэг гол судас гэгддэг Ормузын хоолой дээр зангилагдсан энэ удаагийн хямрал бол зөвхөн бүс нутгийн мөргөлдөөн биш, харин орчин үеийн геополитикийн логикийг харуулсан ил тод жишээ юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг бөмбөгдөх ажиллагааг хоёр долоо хоногоор түр зогсоохоо мэдэгдсэн нь энхийн дохио мэт боловч үнэн хэрэгтээ цаг хожих, дарамтыг өөр хэлбэрт шилжүүлэх стратегийн алхам юм.

Түүний үгнээс илүү үйлдэл нь анхаарал татаж байна. Тулган шаардалт дуусахаас ердөө нэг цаг хүрэхгүй болсон мөчид энэ шийдвэр гарсан нь төлөвлөгдсөн эвлэрэл бус, харин зайлшгүй байдлын үр дүн байсныг илтгэнэ. Энэ хоёр долоо хоногийн “нам гүм” бол бодит нам гүм биш. Энэ бол аль аль тал нь өөрийн хөзрийг дахин тоолж, хожлын магадлалаа үнэлж буй завсрын үе юм. Вашингтоны хувьд энэ хугацаа нь нефтийн зах зээлийг тогтворжуулах, дотоод улс төрийн дарамтыг намжаах, холбоотнуудтайгаа байр сууриа нэгтгэх боломж. Харин Тегераны хувьд энэ нь олон арван жилийн турш үргэлжилсэн барууны хориг, шахалтын системийг нэг мөсөн өөрчлөх боломж гэж харж байна. Учир нь Ираны санал болгосон “10 заалт” нь энгийн гал зогсоохоос хавьгүй давсан, бүс нутгийн хүчний тэнцвэрийг шинээр тогтоох зорилготой баримт бичиг юм. Тэнд зөвхөн дайн зогсоох тухай биш, харин бүхэл бүтэн тогтолцоог өөрчлөх тухай ярьж, хоригийг бүрэн цуцлах, царцаасан хөрөнгийг суллах, АНУ-ын цэргийг бүс нутгаас гаргах, ураны баяжуулалтыг зөвшөөрүүлэх зэрэг шаардлагууд нь Иран өөрийгөө зөвхөн хамгаалах биш, харин шинэ дүрэм тогтоох хэмжээнд гаргахыг зорьж буйг илтгэнэ.

Энэ бүхний төвд мөнгө буюу Ормузын хоолой оршиж байна. Географийн хувьд нарийхан энэ хоолой эдийн засгийн хувьд асар өргөн утгатай. Дэлхийн нефть, шингэрүүлсэн хийн урсгалын бараг тавны нэг нь үүгээр дамждаг. Ийм зангилааг хянах боломжтой улс геополитикийн хувьд асар их хөшүүрэгтэй болдог. Иран яг энэ хөшүүргийг ашиглаж байна. Тэд “Бүх хөлгийг хаагаагүй, зөвхөн дайснуудынхыг” гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр урсгалын тодорхой бус байдал өөрөө зах зээлийг айлгаж, үнэ өсгөж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж байна. Нефть бол зүгээр нэг түүхий эд биш, түүнийг дагалдаж бордоо, химийн бодис, аж үйлдвэрийн үндсэн орцууд хөдөлдөг. Иймээс Ормузын хоолойн эрсдэл бол зөвхөн шатахууны үнэ өсөх асуудал биш, харин хүнсний үнэ, үйлдвэрлэлийн өртөг, улмаар инфляцийн дарамтаар дамжин дэлхийн эдийн засгийг бүхэлд нь доргиох хүчин зүйл юм.

Трампын заналхийлэл Ираны гүүр, цахилгаан станц зэрэг иргэний дэд бүтцийг устгана, бүр “соёл иргэншлийг” сүйтгэж чулуун зэвсгийн үед оруулна” гэж буй нь орчин үеийн дайн хэрхэн өөрчлөгдсөнийг харуулна. Энэ бол зөвхөн цэргийн байг онох тухай биш, харин улсын эдийн засгийн суурийг нураах тухай ойлголт. Гэвч ийм заналхийлэл бодит үйлдэл болох тусам улс төрийн өртөг нь өсдөг. АНУ-ын дотоодод энэ дайн төдийлөн дэмжлэг аваагүй нь нууц биш. Бензиний үнэ өсөх нь америк өрх бүрд шууд мэдрэгддэг, инфляци өсөх айдас нь сонгогчдын хандлагыг өөрчилдөг. АНУ-д Трампыг “Би шинэ дайн эхлүүлэхгүй” гэсэн амлалтаа зөрчсөн гэх шүүмжлэл ч нэмэгдсэн. Ийм нөхцөлд хоёр долоо хоногийн завсарлага нь гадаад бодлогоос илүү дотоод улс төрийн дарамтыг зөөлрүүлэх хэрэгсэл юм. Энэ завсрын үед хамгийн сонирхолтой тал нь зуучлагч гэнэт тодорсон явдал. Пакистан энэ удаа зөвхөн ажиглагч биш, харин идэвхтэй тоглогч болон гарч ирэв. Тус улсын ерөнхий сайд Шехбаз Шариф, армийн командлагч Асим Мунир нар Вашингтонтой шууд холбогдож, цохилтоо хойшлуулахыг хүссэн нь гал зогсоох шийдвэрт нөлөөлсөн. Хэлэлцээ Исламабад хотод, тодорхой хугацааны хязгаартайгаар явагдана. Энэ нь нэг талаас дипломат шийдэл хайж буйг харуулж байгаа ч нөгөө талаас хугацааны шахалт асар өндөр байгааг илтгэнэ.

Энд бас нэг чимээгүй, гэхдээ шийдвэрлэх нөлөөтэй тоглогч бий. Тэр бол Израиль. Трампын мэдэгдэлд тэднийг дурдаагүй ч бодит байдал дээр Израиль энэ мөргөлдөөнд идэвхтэй оролцож байгаа. Ираны зүгээс гал зогсоох нөхцөл Ливанд хүртэл үйлчлэх ёстой гэж шаардсан нь энэ зөрчлийг энхийн замаар шийдвэрлэх боломжгүй болгосон. Эцэст нь энэ бүхнээс харагдах гол дүр зураг бол дайн өөрөө өөрчлөгдсөн явдал юм. Орчин үеийн дайн танк, онгоцоор хэмжигдэхээ больсон. Түүнийг нефтийн урсгал, далайн хоолой, санхүүгийн хориг, зах зээлийн сэтгэл зүйгээр хэмждэг болсон. Нэг хоолойн хаалт дэлхийн инфляцид нөлөөлж, нэг мэдэгдэл нефтийн үнийг савлуулж, нэг дипломат дуудлага пуужингийн цохилтыг хойшлуулж байна. Энэ утгаараа Ормузын хоолой бол газарзүйн объект биш, харин XXI зууны хүчний тэнцвэрийн бэлгэдэл юм. Гэвч нэг зүйл тодорхой байна. Энэ бол дайны төгсгөл биш. Энэ бол илүү том тоглолтын завсарлага. Иран хоолойг бодитоор нээх эсэх, АНУ дарамтаа бууруулах уу, эсвэл шинэ хэлбэрт шилжүүлэх үү, Израиль ямар байр суурь баримтлах вэ, зах зээл энэ бүхнийг хэрхэн хүлээж авах вэ гэсэн асуулт хариултаа хүлээж байна. Гэхдээ Иран тохиролцоо хийсэн ч бүс нутгийн шинэ дэг журам эхэлж л таарна. Хамгийн боломжит хувилбар нь энэ хооронд Израилийн агаарын цохилтууд Иранд үргэлжилж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж баасан гарагт амрангуут АНУ-ын хуурай цэргийн ажиллагаа эхэлнэ.

Ерөөс өнөөдөр дарангуйллын дэглэмийн армиуд сүрт жагсаал хийхээс өөр ид шидгүй, хоосон тоо гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Ираны арми л гэхэд өөрийн бүрэн мэдэлд байгаа 30х30 км газрыг нэгжин АНУ-ын нисгэгчийг олзолчхож чадахгүй, дэлхий нийтийн шившиг болов.Учир нь шинжлэх ухаан, технологи дарангуйллыг бус эрх чөлөөг сонгодог. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр дарангуйллын дэглэмүүд түүх болон үлдэж буйг өөрсдийн нүдээр харж байна.

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Сэтгэгдэл бичих