“Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулган Орхон аймагт эхэллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээ хоёр өдөр үргэлжилнэ.
Тус чуулган нь хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах зорилтыг хангах, салбар дундын оролцоог нэмэгдүүлж, аймаг орон нутгийн түвшинд сайн туршлагуудыг дэмжих зорилготой юм.
Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийг чухлаар хөндөн, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон. Уур амьсгалын өөрчлөлтийн 51 хувь нь байгалийн хүчин зүйлсээс, үлдсэн 41 хувь нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа юм. Тиймээс иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, мэдээллээр хангах замаар хамтдаа уур амьсгалын өөрчлөлийг бууруулж чадах юм.
Монгол Улсын цэвдэг сүүлийн 40 жилийн хугацаанд 50 орчим хувиар буурсан. Түүнээс үүдэн хөрсний доройтол үүсэж, ус, ургамал багассан. Мөн нийт газар нутгийн 78 орчим хувь нь цөлжилтөд өртөөд байгаа нь анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, байгаль орчинд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь хот суурин газар олноор бий болох, хүн амын нягтаршил ихсэх зэрэг шалтгаанууд юм. Тиймээс хүн ам олноор суурьшсан хот суурин газарт нүүрснээс илүүтэйгээр сэргээгдэх эрчим хүч ашиглах, байгальд ээлтэй техник, технологи нэвтрүүлэх шаардлагатай байгаагаас үүдэн орон нутагт анх удаа энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм.
Энэхүү чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах чиглэлээр ажиллаж буй үндсэн салбарууд болох эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хог хаягдал орчны бохирдол, ногоон санхүүжилтын талаар хэлэлцэх бөгөөд нийт есөн илтгэл, дөрвөн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.