Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зохион байгуулж буй “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форум эхэллээ.
Тус форумаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гарцын талаар хэлэлцэх юм.
Шинэ сэргэлтийн бодлого нь 2050 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний 10 жилд буюу 2030 он хүртэл цар тахлаас үүдэлтэй эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэн хэрэгжинэ. Цаашид “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гол суурь, нөхцөлийг бүрдүүлэх юм.
Энэхүү бодлого нь хилийн боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн 6 зорилтод чиглэсэн бөгөөд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх тусгай бодлого юм.
Тус бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин, Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэх юм.
Тиймээс ч Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын томоохон үйлдвэр болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санаачлан энэхүү форумыг зохион байгуулж байгаа бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулах, цаашид үйлдвэрийн бодлого хөтөлбөр, үйл ажиллагааг хэрхэн уялдуулж хөгжүүлэх талаар энэхүү форумаар хэлэлцэнэ.
Тус форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Авилгатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон орон нутгийн төр захиргааны байгууллагын төлөөллүүд оролцож байна.
Форумд “Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр-өнөөдөр-маргааш”, “Шинэ сэргэлтийн бодлого аж үйлдвэрийн салбарт хэрэгжих нь”, “Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хууль, эрх зүйн шинэчлэл”, “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн өмчит компаниудын үүрэг, оролцоо”, болон “Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа”, “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхэд худалдан авах ажиллагаа, хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд”, “Их бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд үүссэн сорилтууд, цар тахлын нөлөө”, болон Томоохон төслүүдийн үр өгөөж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө” зэрэг олон сэдвээр илтгэл танилцуулна.