Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар /2021.12.21/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” 2021 оны үр дүн болон 2022 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бид 2021 оныг “E-Mongolia”-д 600 үйлчилгээг нэвтрүүлснээр үдэж байна. Энэ жил хамгийн түгээмэл авч буй олон шатлалт үйлчилгээг онцолбол:
Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох – 94325
Иргэний үнэмлэх дахин авах – 50385
Гадаад паспорт дахин авах – 14471
Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа – 3021
Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал – 1844 зэрэг үйлчилгээнүүд байна.
Онцлох үйлчилгээнүүд гэвэл хуулийн этгээдийг онлайнаар байгуулах боломжтой болсон бөгөөд тус үйлчилгээ нэвтэрснээр хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээдийг “E-Mongolia”-р дамжуулан байгуулсан байна.
Түүнчлэн Цэргийн бүртгэлийг бид цахимжуулж, E-Mongolia-д оруулсан байгаа. Цэрэгт явахгүй иргэд заавал өөрийн биеэр очиж, бүртгүүлдэг асуудал байхгүй болж, онлайнаар бүртгүүлэх боломжтой болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах үйлчилгээг энэ 7 хоногт цахимжууллаа. Манай баг өнөөдөр ч гэсэн орон нутагт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжууллаа. Цаашид 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг цахимжуулж, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. “e-Mongolia” системээс давхардсан тоогоор нийт 6.5 сая үйлчилгээг иргэд авсан байна. Үүний 56 хувь нь нийслэлийн иргэд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм.
Нийт цахимжсан 600 гаруй үйлчилгээнээс 1 шатлалт үйлчилгээ буюу лавлагаа тодорхойлолт 140, 2 ба түүнээс дээш олон шатлалт 466 үйлчилгээ “e-Mongolia” системд нэгтгэгдээд байна. Лавлагаа тодорхойлолт авахад 2 цаг зарцуулдаг байсан бол emongolia-с 2 минут зарцуулж байна. Иргэдийн хувьд өдөрт 800-1200 санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Үүнээс харахад, E-Mongolia бол зөвхөн төр хийж буй төсөл бус иргэдийн хамтын оролцоотойгоор хийж буй төсөл гэж хэлж болно. Бид e-Mongolia фэйсбүүк хуудас, харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын вебсайт, 1111 төвд санал хүсэлт гомдлыг авч буй. Иргэдийн саналыг бид үргэлж хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаг хэмнэлтийн хувьд компани байгуулахад ажлын 5 өдөр тус ажлыг хөөцөлддөг байсан бол өнөөдөр 1-2 хоногийн дотор цахимаар тус асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. “E-Mongolia”систем нэвтэрснээс хойш 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.Бид удахгүй тус статистик судалгааг ямар аргачлалаар хийсэн талаар мэдээллийг хүргэх болно.
Та бүхэн сайн мэдэж байгаачлан, 2021 оны аравдугаар сард бид “E-Mongolia” шинэчилсэн хувилбараа танилцуулсан. Ингэснээр иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь иргэдийн хувьд бага ч гэсэн чирэгдлийг багасгасан байх гэж найдаж байна.2022 онд бид иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 100 гаруй төрийн байгууллагын 1000 гаруй үйлчилгээ цахимжуулна. Үйлчилгээний байгууллагууд иргэдийн цахим бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг болох асуудал яригдаж байна. Гадаадад суугаа Монгол улсын иргэн, Монгол улсад буй гадаадын иргэн e-mongolia-р үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хотын захын дүүрэг, хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд үйлчилгээгээ хүргэх чиглэлд зорьж ажиллана. Үүний тулд бид нэмэлт хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.