E-Mongolia цахим системд 600 гаруй үйлчилгээг нэгтгэсэн байна

оруулсан Алсын Хараа

 Төрийн үйлчилгээний E-Mongolia цахим системд 600 гаруй үйлчилгээг нэгтгэсэн талаар Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр уг системийн талааар өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Учралын хамт хэвлэлийн хурал хийхдээ, “Иргэд E-Mongolia-гаас жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээг 94 000, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээг 50 000 гаруй удаа авсан байна. Компани, төрийн бус байгууллагуудыг E-Mongolia системийг ашиглан байгуулдаг болсон. Манай баг найман аймгийн 498 үйлчилгээг орон нутагт оруулсан. Ирэх онд 100 гаруй байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг цахимд шилжүүлнэ” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Учрал "Монгол Улсын Үндсэн хуульд заасан мэдээлэл авах эрхийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар хуульчилсан. Энэхүү хуулиар 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо. Мөн хязгаарлагдмал, хаалттай мэдээллийг тодорхой болголоо. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг шинэчилж, ард иргэдийн зүгээс гомдол гаргадаг дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах стандартыг тодорхой болголоо. Хувь хүн өөрийнхөө нууцыг хамгаалдаг байсан бол мэдээлэл хариуцагч тал хариуцдаг болж байна. Хүний эмзэг, хувийн мэдээллийг ангилж өглөө” хэмээв.

Сэтгэгдэл бичих