Меркелийн дараах Европын “удирдагч” Макрон

оруулсан Алсын Хараа

Герман улсыг 16 жилийн турш удирдсан Ангела Меркель албан тушаалаа орхин явж байна. Өнгөрсөн хугацаанд түүнийг “чөлөөт ертөнцийн канцлер”, “Европын удирдагч”, “Барууны либерал ертөнцийн сүүлчийн хамгаалагч” гэж нэрлэж байв. Үүний сацуу Франц улс Европын улс төрд Германыхаас дутахгүй нөлөөтэй байлаа. Ийм учраас Меркель улс төрөөс явснаар Э.Макронд боломж гарч ирлээ гэсэн үг.

Аливаа хямралыг, тухайлбал Грекийн эдийн засгийн сүйрлээс эхлээд коронавирусний цар тахал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхдээ эрс шийдэмгий байж чадсан А.Меркель Европын лидерийн дүр төрхийг өөртөө бий болгож чадсан юм. Германы эдийн засгийн байдал, Меркелийн хувь хүний зан чанарууд нь түүний нэр нөлөөг улам бэхжүүлэв.

2010 онд Грек, Итали улсуудын өр асар их болсны улмаас еврогийн бүсийн орнууд эдийн засгийн гүн хямралд орсон билээ. Хямрал даамжирсаар нийт Европыг хамарч, Испани улс санхүүгийн тусламж хүсэх болов. Энэ үед Ангела Меркель еврогийн бүсийг хямралаас гаргахад чиглэсэн хэлэлцээрийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ.

“А.Меркель гэв гэнэтхэн нэг л өдөр манлайлагч болоогүй ээ. Хүчтэй удирдагч болоход нь нэлээд цаг хугацаа шаардагдсан. Тэрбээр Европын Холбооны /ЕХ/ хувьд хямралыг зохицуулагч гол менежер байсан нь үнэн” гэж Дани улсын эрчим хүчний сайд асан Люкке Фриис дүгнэн хэллээ.

"Европын Ерөнхийлөгч"

2017 онд Эммануэль Макрон Сорбоны их сургуульд үг хэлэхдээ, нийт Европын ирээдүйн асуудлыг хөндөн ярьжээ. ЕХ-ны бүтэц удаан, үр дүнгүй ажиллаж байгааг тэрбээр шүүмжлээд, батлан хамгаалах, боловсролын салбарт илүү нягт хамтран ажиллахад чиглэсэн шинэчлэлийг санал болгож, Европын нэгдсэн зэвсэгт хүчнийг байгуулж, Европын батлан хамгаалахын төсвийг нэгтгэж, Европын тагнуулын академийг байгуулахыг уриаллаа.

Европчуудад ойлгомжтой сэдвүүдийг хөндөж, харин Европ тивийг хуваагдмал байлгасаар ирсэн асуудлуудаас чадварлагаар бултдаг байснаараа Макрон өөрийн гол зан чанарыг харуулсан юм. Өөрөөр хэлбэл, хэтийн төлвийг урьдчилан харах, хөгжлийн замыг санал болгох чадвараа харууллаа гэсэн үг. Харин Меркельд ийм зан чанар хэзээ ч байгаагүй. Европын хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа талаарх санал бодлоо Меркель бусадтай хуваалцаж, үг хэлж байсан тохиолдлыг та бүхэн санахгүй л болов уу. Тэр ч бүү хэл Герман улсынхаа ирээдүйг ч тэрбээр хэзээ ч төсөөлөн ярьж байгаагүй. Ирээдүйн тухай ярих нь түүний хэв маяг биш” хэмээн Л.Фриис дүгнэжээ.

Европын Олон улсын харилцааны зөвлөлөөс санал асуулга явуулж, хэрвээ Европын ерөнхийлөгч гэдэг албан тушаал байдаг бол,  уг албан тушаалд Меркель, Макрон хоёр өрсөлдлөө гэхэд та хэнийг нь дэмжих вэ гэдэг асуултыг тавьжээ. Санал асуулгад оролцогчдын 41 хувь нь Меркелийг дэмжсэн бол Макрон дөнгөж 14 хувийн санал авчээ. Тэр ч бүү хэл, Макрон төрөлх Францдаа “ялалт байгуулж” чадаагүй бөгөөд францчуудын ердөө 12 хувь нь түүнийг дэмжсэн байна. Тэгэхээр Меркелийн технократ маягийн удирдлагын арга барил нь европчуудад илүү итгэл төрүүлсэн бол Европын ирээдүйн тухай Макроны үг яриа олны дэмжлэгийг төдийлөн авсангүй.

Гэсэн хэдий ч яг одоо Макроны хувьд илүү завшаантай цаг үе ирж байна. Тэрбээр Европын ирээдүйн талаарх шинэ санаа оноогоор дүүрэн яваа. Харин Герман улс шинэ канцлераа сонгож буй энэ үед Меркель ЕХ-г хөгжүүлэхэд чиглэсэн хувьсгалч үзэл санааг дэвшүүлэх бодолгүй байгаа нь илт. Харин 2022 онд Франц улс ЕХ-г даргалах гэж байгаа нь Макроны хувьд өөрийн үзэл санааг Европын хамтран зүтгэгчдээрээ дэмжүүлэх сайхан боломж юм. Аз болоход, Брюссель дэх нөлөө бүхий гол хүмүүс түүнийг дэмждэг. Тодорхой хэлбэл, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель нар Макроны дэмжлэгээр тус тусын албан тушаалд томилогдсон гэдгийг “Европын шинэчлэлийн төв”-ийн дарга Чарльз Грант дурдлаа. Тэгэхээр Макроны үзэл санааг алга ташин угтаж авахгүй юм аа гэхэд ядаж түүний юу ярихыг сонсох нь лавтай.

Бүжгийн хамтрагч

“Германы дараагийн канцлераар хэн ч сонгогдлоо гэсэн тухайн хүн нэр хүнд олж авахын тулд тодорхой хугацаа хэрэгтэй. Миний бодлоор, ойрын хэдэн жилдээ бид “францын” Европын Холбоотой харьцах хэрэгтэй болох нь” хэмээн Ч.Грант ярьж байна. Гэтэл зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Меркель явлаа ч гэсэн “Макроны эрин үе” ирнэ гэж хүлээх хэрэггүй бололтой.

Макроны хувьд ч, Германы канцлераар сонгогдох хүний хувьд ч тэдэнд Меркельтэй адил нэр хүнд, дэмжлэг үгүй. Санхүү, эдийн засгийн асуудал, мөн ардчиллын асуудал дээр европчууд Берлинд найдаад сурчихсан ба Европын орнуудтай харилцаагаа тун чадамгай зохицуулж ирсэн А.Меркель “Герман улс давамгайлах гэж зүтгэхгүй” гэсэн ойлголтыг хөршүүддээ өгсөн нь тэдний итгэлийг бүр ч ихээр хүлээсэн билээ.

Меркель явснаар удаан хугацаанд үргэлжлэх тодорхойгүй үе ЕХ-г хүлээж байна. Германд хүчтэй канцлер гарч ирэхгүй бол Макроны хувьд ашиггүй. Түүнд “бүжгийн хамтрагч” хэрэгтэй.

“Хэрвээ Францад Герман түнш байхгүй бол Макронд тун хэцүү байх болно. Германы дэмжлэггүйгээр Франц ганцаараа өөрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж хүчрэхгүй. Берлинд үүсээд буй засаглалын вакуум шинэ засгийн газар байгуулагдах хүртэл Зул сарын баяр, тэр ч бүү хэл ирэх оны 1, 2 дугаар сар хүртэл үргэлжилж магадгүй. Германд эвсэл байгуулагдах хугацаа сунжрах тусам ЕХ-г даргалж буй боломжоо ашиглах “шаанс” Макроны хувьд улам л багасна” гэж Л.Фриис үзэж байна.  

Европын Олон улсын харилцааны зөвлөлийн судлаач Ульрике Франке-гийн таамаглаж байгаагаар, үүссэн вакуум орон зайг дүүргэхийн тулд Брюссель дэх ЕХ-ны удирдлага ойрын хагас жилийн хугацаанд Европын улс төрийн бодлогыг тодорхойлохоор илүү эрчимтэй ажиллах болно.  Харин Макронд гадаад төдийгүй дотоод хүчин зүйлс саад болж мэднэ, учир нь, 2022 онд Францад Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа билээ. Хэрвээ Макрон энэ сонгуульд ялбал түүний улс төрийн нөлөө шинэ канцлерынхаас илүү байх нь тодорхой.

Макронд өөр хэн туслах вэ?

Тун таагүй үед Европын улс төрд вакуум үүслээ. Тухайлбал, Их Британи, АНУ, Австрали гурвын байгуулсан цэргийн шинэ эвсэл болох AUKUS-т хэрхэн хандах вэ гэдгээ европчууд мэдэхгүй байна. Макроны ярианы өнгийг ажвал, тэрбээр европчуудад хандан “гэнэн зангаа орхиж, өөрсдийн батлан хамгаалах боломжийн талаар бодож үзэх хэрэгтэй” гэсэн санаагаа давтан хэлдэг. АУКУС гэрээг байгуулахаар бэлтгэж буйг тэрбээр огт мэдээгүй бөгөөд энэ гэрээний улмаас Австрали улс Францаас 12 шумбагч хөлөг онгоц худалдан авах гэрээнээс татгалзсан нь Макроныг маш ихээр бухимдуулсан. Энэ бол “ар нуруу руу хутга шаасан үйлдэл” гэж Парис үзэж байгаа. Ингэж “доромжлуулсан” Макрон ирэх сонгуульд сонгогчдын зарим хэсгийн саналыг алдаж магадгүй юм.

Одоогоор шинэ цэргийн эвслийн талаарх нэгдсэн байр суурь Европод алга. Ашигтай хэлцлүүдээ алдсан Францаас бусад орон АУКУС байгуулагдсан явдлыг асуудал үүслээ гэж харахгүй байна. Гэсэн хэдий ч Цагаан ордон ба европчуудын хамтын ажиллагааны асуудал хөндөгдөж байгаа учраас энэ талаар нэгдсэн байр сууриа илэрхийлэх л ёстой.

“ЕХ-г стратегийн хувьд бие даасан байлгахыг Макрон хүсэж байгаа, юуг хэзээ хийхийг хүсэж байгаагаа Европ тив хийх л ёстой, үүний тулд хэнээс ч, тэр дундаа америкчуудаас зөвшөөрөл авах ёсгүй гэдэгт тэрбээр итгэлтэй байдаг. Ийм учраас ЕХ-ны гол тоглогчдын ихэнх нь Макроны бодлыг хуваалцаж байгаа бол Францын Ерөнхийлөгчийн байр суурь бэхжинэ” гэдгийг “Европын шинэчлэлийн төв”-ийн захирал Чарльз Грант хэллээ.

Гэхдээ АУКУС бол цорын ганц асуудал биш ээ. Жишээ нь, Унгар, Польш хоёрыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудал санал хуваагдахад хүргэж байна. Энэ хоёр улс Баруун Европт хүлээн зөвшөөрөгдсөн ардчиллын зарчмуудыг байнга зөрчиж байгаа нь Европын Комисст таалагдахгүй байгаа.  Иймээс цар тахлын дараах сэргээн босголтын сангаас Будапешт, Варшав хоёрт мөнгө хуваарилах хүсэл Брюссельд бараг алга.

Өөр нэгэн чухал асуудал бол Тогтвортой байдал, өсөлтийн Гэрээг цаашид хэрхэх вэ гэдэг тухай юм. Энэ гэрээ бол татвар, төсвийн бодлоготой холбоотой ЕХ-ны гол баримт бичиг юм. Гэрээгээр төсвийн алдагдлын байж болох хэмжээг тодорхойлж байсан юм. Гэвч цар тахал дэгдсэнээр гишүүн орнуудын санхүүгийн байдалд өөрчлөлт орсон учраас 2020 оны 3 дугаар сард уг гэрээний үйлчлэлийг түр зогсоожээ. Ингэснээр олон удаагийн хөл хорионы нөхцөлд эдийн засгаа дэмжихийн тулд зээл авах боломж Европын орнуудад нээгдлээ. Харин гишүүн орнуудад багагүй хэмжээний улсын өр хуримтлагдаад буй энэ үед Гэрээг цаашид яах вэ?

“Удахгүй ирэх оны 2 дугаар сард батлан хамгаалахын асуудлаарх Европын дээд хэмжээний уулзалт болно, энэ үед Германы удирдагчийн нэр тодорхой болох байх. Тэгэхээр Зул сарын баяр гэхэд Германд улс төрийн эвсэл бүрэлдсэнээр тодорхойгүй байдал удаан үргэлжлэхгүй байх хэмээн найдах л үлдлээ” гэж Л.Фриис хэлэв.

Харин У.Франке хэлэхдээ “Хэрвээ чи юуг ч санал болгохгүй, зүгээр л асуудлуудыг шийдээд яваад байвал хүмүүс сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ чи санал тавьж байгаа бол зарим нь зөвшөөрч, зарим нь эсэргүүцнэ гэдгийг тооцож байх ёстой. Макроны үзэл бодлыг хуваалцдаггүй хүмүүс Европт хангалттай олон бий” гэв.

Энэ бүх асуудал Меркелийн оролцоогүйгээр хэрхэн шийдэгдэх бол гэдгийг европчууд тун бүдэг бадаг төсөөлж байна. Ангела Меркель тогтвортой бөгөөд тодорхой байдал гэдэг зүйлийг Германд төдийгүй бүх Европт өгч байсан билээ.  "Энэ хоёр зүйл бол байнгын өөрчлөлт, эмх замбараагүй байдал, төр засаг солигдож буй үед маш чухал. Олон европчуудын хувьд Меркель итгэл найдварын бэлгэ тэмдэг байсан. Гэхдээ Европын ирээдүйн талаар ЕХ зөвшилцөлд хүрч чадаагүй байгаа гэдгийг мартах ёсгүй. Тэгэхээр Францын Ерөнхийлөгч, Германы ирээдүйн Канцлер хоёр хоорондоо тохиролцож чадах уу гэдэг нь тун сонирхолтой” хэмээн Данийн сайд Л.Фриис эцэст нь дүгнэж хэллээ.

Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл бичих