Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын шинэ нисэх буудлын ажилтай өнөөдөр танилцлаа.
Энэ үеэр Монгол Улсын агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулав. Монгол Улсын агаарын тээвэр 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн бол 2020 онд 440 мянган зорчигч тээвэрлэжээ. Түүний дийлэнх нь орон нутгийн буюу уул уурхайн ажилчид байв.
"КОВИД-19" цар тахлын өмнө агаарын тээврийн орлого 328 тэрбум ам.доллар байсан бол одоо 140 тэрбум төгрөг болж буурчээ.
Чингис хаан олон улсын нисэх буудлыг шинэ буудал руу нүүлгэн шилжүүлэхэд 60.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа судалгаа байна. Энэ судалгааг төсөл болгож Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон талаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулгадаа онцлов.
Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1 гэхэд хилээ нээх зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд бэлэн байдлыг хангаж буй талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд агаарын тээврээр зорчих журмыг тодорхой болгохоор ажиллаж буйг тэмдэглэв. Монгол Улс аль вакцин таиулсан хүнийг, ямар журмаар нэвтрүүлэх зэргийг тусгаж журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг онцоллоо. Олон улсын агаарын тээврийн байгууллагын гаргасан судалгаагаар, 2021 онд нислэг 30 хувиар сэргэнэ гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд дэлхий даяар 39 сая нислэг үйлдсэн бол 10 сая орчим нислэг сэргэх хэмжээнд хүрсэн байна.
ИНЕГ-аас Монгол Улсаас хамгийн олон нислэгтэй БНТУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ХБНГУ-тай харилцан зорчих асуудлаар хэлэлцээ хийж байгааг тэмдэглэв. Тухайлбал, БНСУ өдөрт 10-20 мянган хүнд вакцин хийж 10 дугаар сар гэхэд хүн амаа бүрэн хамруулах төлөвтэй байна. Ийм тооцоогоор тус улс руу долоо хоногт 2 удаа нислэг үйлдэх боломж байгааг хэллээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс агаарын хилээ нээснээс хоёр сарын дараа Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлыг нээхээр Япон улсын талтай гэрээ байгуулсан байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Тавдугаар сарын нэгнээс агаарын хилээ нээхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тавдугаар сарын 1-нээс хил нээх нь вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг хүлээж авахад Монгол Улс бэлэн гэдгээ илэрхийлэх нэг зорилготой. Нөгөө нь агаарын хилийг нээснээс хойш хоёр сарын дараа Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орох гэрээтэй байгаа тул өнөөдөр ийнхүү бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Долдугаар сарын 1-нээс шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхэлнэ гэх байдлаар Японы талтай харилцан уулзалт хийлээ” гэв.
Холбогдох мэргэжлийнхний хэлж буйгаар 24 цагийн дотор шинэ нисэх онгоцны буудал руу нүүх боломжтой бөгөөд нислэгийн хуваарь алдагдахгүй аж.
КОВИД-19 цар тахлын улмаас Монгол Улсын агаарын тээврийн салбарын 2020 оны тоон үзүүлэлтүүд өмнөх онтой харьцуулахад 48-72%-аар буурсан билээ.
Түүнчлэн хуваарьт нислэг гүйцэтгэгч дотоодын агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг “Чингис хаан” ОУНБ-д нүүлгэн шилжүүлэхэд нийт 60.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. \нислэгийн үйл ажиллагааг сэргээн тогтворжуулахад нийт 248 тэрбум төгрөг\