Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.
Мөнгөний бодлогын мэдэгдлээр бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулснаар бодлогын хүү 2007 оноос хойш байгаагүй, хамгийн доод түвшинд ирлээ. Энэ удаагийн шийдвэрийг гаргах гол үндэслэл нь юу байсан бэ?
- Цар тахлын үеийн эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Монголбанкнаас шат дараатай бодлогын арга хэмжээ авч байна. Монголбанк бодлогын хүүг 2007 оны долоодугаар сараас нэвтрүүлсэн. Анх 6.4 хувь байснаас хойших сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа хамгийн бага түвшинд буюу 8 хувьд очиж байна. Нөгөө талаас манай эдийн засаг сүүлийн 20 гаруй жилд байгаагүйгээр агшсан нь гадаад секторын нөлөө, төсөв, бодит сектор, санхүүгийн салбарт голлох хүндрэл нь гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, зээлийн өсөлт өмнөх сартайгаа харьцуулахад 5 хувиар буурлаа. Шинэ зээлүүд гарахгүй байна. Тиймээс эдийн засагт дутагдаж байгаа мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эдийн засгаа дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулсан. Бас нэг зүйл онцолж хэлэхэд өмнө нь бодлогын хүүгээ бууруулахад хүндрэлтэй байсан нэг асуудал нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн хувьд гадаад төлбөрийн тэнцлийн тогтвортой байдалтай уялдан боломж хязгаарлагдмал байсан. Өөрөөр хэлбэл, бид бодлогын хүүг бууруулах замаар төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлбэл, тэрхүү дарамт нь ханш, төлбөрийн тэнцэл, гадаад өр, валютын нөөц дээр орж ирдэг. Тэгэхээр сүүлийн үед экспортын орлого сайжирч байна. Ирэх оны хөрөнгө оруулалтын түвшин ч бас бидний төсөөлж байснаас сайжрахаар байна. Мөн төсвийн сахилга бат ирэх онд нэлээд сайн байх болов уу гэсэн хүлээлт бий. Энэ бүх үзүүлэлтүүдэд үндэслэн бодит эдийн засгаа дэмжих зорилгоор бодлогын хүүг буурууллаа.
Мөнгөний бодлогын мэдэгдлээс өмнө бид эдийн засгийн клубын гишүүн эдийн засагчдын дунд санал асуулга явуулахад бараг 70 орчим хувь нь бодлогын хүүг бууруулах болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ бодлогын хүүг бууруулахдаа яагаад 1 нэгж хувиар бууруулсан бэ. Үүнээс багаар, эсвэл арай их дүнгээр бууруулах боломж байсан уу?
- Монголбанкны Мөнгөний бодлогын газраас мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгж хувиар бууруулах санал оруулж ирсэн. Төлбөрийн тэнцэл, гадаад секторын төсөөлөл, төсөв, бодит секторын хандлага гэх зэрэг бүх тооцооллын хувьд 0.5 нэгж хувиар бууруулах нь эдийн засгийг дэмжих чиглэлтэй байсан. Яг хуралдааны явцад бид хоёр зүйл дээр анхаарал хандуулсан. Эхнийх нь загвар дээр далд эдийн засгийг тооцоолоход хүндрэлтэй байдаг. Олон улсын судалгаагаар далд эдийн засгийг дэлхий нийтийн хувьд дунджаар 30 хувьтай гэдэг. Зимбабве зэрэг хүндхэн эдийн засгийн хувьд 60 гаруй хувьтай. Харин манай улсад Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2015-2018 оны судалгаагаар 14.5 хувьтай байгаа. Тэгэхээр яг албан ёсны секторын статистик мэдээлэл дээр үндэслээд тооцоо хийхэд 0.5 нэгж хувиар бууруулах нь зөв гэж харагдаж байгаа. Гэхдээ үүнд далд эдийн засаг хамрагдаагүй. Гэтэл яг хямралд далд эдийн засаг дээр байгаа хүмүүс хамгийн ихээр өртөж байгаа. Тийм учраас эдийн засгийн хувьд бидэнд мэдэгдэхгүй байгаа хүндрэлийг авч үзвэл бодлогын хүүг илүү ихээр бууруулах шаардлага, орон зай байна гэж үзсэн. Хоёрдугаарт, төсвийн тооцооллыг авч үзэхдээ төсвийн батлагдсан тодотголоор авч үзэж байгаа. Гэхдээ бодит байдалд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл эхний долоон сарын байдлаар 70 хувьтай байна. Үлдсэн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх магадлалтай гэж үзсэн. Тэгэхээр төсөв талаас ирэх дарамт тооцооллоос арай бага байж болзошгүй. Энэ бүгдийг харгалзан үзсэнээр бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бодит сектороо дэмжих шийдвэрийг гаргасан.
Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн улс орнууд 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг шинэчлэн танилцуулж байна. Манай улсын хувьд мэдээж сүүлийн 20 гаруй жилд тохиогоогүй эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж байна. Тэгэхээр оны эцсийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг тодорхойлохдоо ямар хүчин зүйлийг голлон харж байна вэ?
- Оны эхний хагас хамгийн хүнд буюу эдийн засаг 9.7 хувиар агшсан. Хоёрдугаар хагасаас гадаад сектор, ялангуяа экспортын өсөлт дээр эерэг нөлөө гарч байна. Яг энэ төлөвөөр оны эцсийн эдийн засгийн өсөлтийг -2.6 хувь гэж тооцоолж байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт алгуур сайжрах бөгөөд 2020 оны суурь нь бага учраас өсөлт харьцангуй өндөр буюу 8.7 хувьд хүрэхээр байна. Бидний гол хардаг зүйл болох инфляц өнөөдрийн байдлаар 2.7 хувьтай байна. Оны эцэс рүү инфляц аажмаар нэмэгдэнэ. Ирэх онд эдийн засгийн өсөлтөө дагаад инфляцын дарамт нэмэгдэх хэдий ч Монголбанкны зорилтот 6 хувьд хадгалагдахаар байгаа нь бодлогын хүүг бууруулах бас нэгэн чухал хөшүүрэг болсон.
Цар тахлын үед улс орнуудын өрийн эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэдгийг олон улсын шинжээчид хэлж байгаа. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлтийн төлөвийг авч үзэхдээ Засгийн болон хувийн хэвшлийн өрийн дарамтыг хэрхэн тооцоолсон бэ?
- Засгийн газар эхний 9 сарын байдлаар төсвийн өмнөх жилүүдийн ашиг буюу хуримтлагдсан мөнгөн урсгалаараа алдагдлаа санхүүжүүлж байсан бол тэр нь багасахын хэрээр өрийн санхүүжилт рүү явж байгаа. Гэхдээ бид тогтвортой байдал гэдэг үзүүлэлтээрээ төсвийн орлогын төлөв байдал нь ирээдүйд хүүгээ төлж чадаж байна уу, үгүй юу гэдгийг хардаг. Тэгэхээр яг өрийн тогтвортой байдал гэдэг талаасаа боломжийн түвшинд байна гэж үзсэн.
Өнөөдрийн бодлогын шийдвэрийн хүрээнд зах зээл дээр урт хугацааны санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэхээр боллоо. Энэ шийдвэрийн хэрэгжилт хугацааны хувьд ямар байдлаар явах вэ, мөн цаашид үүнтэй холбоотой ямар мэдээллийг илүү анхаарах ёстой вэ?
- Бодлогын хүүг бууруулж байгаа нь бидний уламжлалт мөнгөний бодлогын шийдвэр. Үүнээс гадна уламжлалт бус буюу урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тэгэхээр төв банкны бодлогын хүүгийн шийдвэр нь шилжих сувгаараа дамжаад эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь харьцангуй удаан. Мөн нийт эдийн засагт нөлөөлж байгаа учраас яг зорилтот салбаруудад нөлөөлөх хүч нь харьцангуй бага. Яг үүнтэй зэрэгцүүлээд хоёр жилийн хугацаатай, репо санхүүжилт буюу төв банкны бодлогын хүү дээр 0.5 нэгж хувийг нэмсэнтэй тэнцэх хэмжээний хүүтэй санхүүжилтийг нэвтрүүлж байна. Энэ хүрээнд уул уурхайн бус экспортын салбар болон ЖДҮ-ийг дэмжих чиглэлийн зээлийг үнэт цаасжуулан худалдаж авах юм. Энэ хэрэгслийн давуу тал нь нэгдүгээрт маш хурдан үйлчилнэ. Хоёрдугаарт яг зорилтот буюу уул уурхайн бус салбараа дэмжинэ. Өнгөрсөн хугацаанд бий болсон уул уурхайн экспорт 95 хувь, импортын хувьд ч бас уул уурхайн тоног төхөөрөмж, хэрэглээ дийлэнх хувийг бүрдүүлдэг эдийн засгийн бүтцээр бид цаашид явах хүндрэлтэй. Тийм учраас Монголбанкны зүгээс хийж чадах зүйл нь юу вэ гэхээр ковид-19 цар тахлын хүндрэлтэй үед зорилтот салбараа дэмжих энэхүү хөтөлбөрийг эхлүүлж байгаа юм. Гэхдээ энэ удаагийн хурлаар ерөнхийдөө иймэрхүү схемтэй механизмыг нэвтрүүлэх боломжтой юм байна гэдэг шийдвэр гарсан. Хууль эрх зүйн хувьд ч тэр Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийн 10 дугаар зүйлд Төв банкны хийж болох зүйлүүдийг тусгаж өгсөн. Яг энэ хүрээнд бид ийм арга хэрэгслийг зах зээлд шинээр нэвтрүүлэх боломжтой юм байна. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах, төрөлжилтийг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтуудтай нийцтэй юм байна гэсэн санал орж ирсэн. Мөнгөний бодлогын хороогоор уг саналыг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжиж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ хэрэгжилтийг хангахад тодорхой хугацаа хэрэгтэй. Яг хэрэгжүүлж эхлэх үед ямар төрлийн зээлүүд байх, яаж тодорхойлох, яаж олгох, эргэн төлөлтийн хяналтыг хэрхэн хийх, хэзээ Монголбанк хөтөлбөрөөс гарах зэрэг бүхий л асуултын хариуг нарийвчилж гаргана. Мөн зээлийг үнэт цаасжуулах учраас бусад оролцогч талуудтай хэрхэн хамтран ажиллах талаар нарийвчилсан журам гарах байх. Монголбанкны холбогдох газрууд бэлтгэл ажлуудыг хангаад, дөрөвдүгээр улиралдаа багтааж энэ ажлыг эхлүүлнэ.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Блүүмбэрг ТВ