Үргэлжлэл...
Хэдэн өдөр явж, 2300 километр зам туулан галд өртсөн Нөмрөгийн дархан цаазат газар ажилласан томилолт маань ийнхүү өндөрлөлөө.
Өмнөх сурвалжлагууддаа шатсан машиныг газар дээрээс нь олон нийтэд харуулсан атлаа яагаад машин хажуу талаараа эргэчихсэн байна вэ. Энэ машинтай явж байсан хүмүүс онхолдсон юм биш үү хэмээн уншигчид маань асууцгаажээ.
Халхгол сумын цагдаагийн хэлтэс ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан учраас өөр эх сурвалжуудаас тодруулж баталгаажуулах шаардлагатай байсныг ойлгоно биз ээ. Болсон явдал бол машин доод хэсгээсээ шатаж эхэлсэн учраас унтраах гэж оролдож байх явцдаа хоорондоо ярилцаад өөрсдөө нийлэн түлхэж, машиныг хажуу талаар нь унагасан болох нь гэрчүүдийн яриагаар баталгаажлаа.
Тэгэхээр машин онхолдсон гэх хардлага батлагдахгүй байна.Одоо бид шатсан машинтай ноцолдохоос илүү хохиролдоо анхаарлаа хандуулах ёстой гэдгийг бүгдээрээ хаа хаанаа ойлгоцгооё.
Хохирлыг хэрхэн авч үзэх ёстой вэ гэдэг энэ ойлголт мэргэжлийнхний нарийн судалгаа, дүгнэлт дээр үндэслэгдэх ёстой. Тийм учраас Нөмрөгийн дархан цаазат газрын ургамлын аймгийг бүхэлд нь судалж, докторын зэрэг хамгаалсан судлаач И.Түвшинтогтохын байр суурийг хүргэе.
Түүний хийсэн судалгаанаас харахад Нөмрөгийн дархан цаазат газарт 806 зүйлийн гуурст ургамал бүртгэгдсэнээс 85 зүйл нь зөвхөн энэ нутагт ургадаг юм байна. Үүний 29 зүйл нь нэн ховор, 34 зүйл нь ховор ургамал аж. Жишээлбэл, санчирын тунхуу, санчирын гэсэр, Ганболдын удвал, Валерийн тарна зэрэг дөрвөн зүйлийг гэхэд шинжлэх ухаанд шинээр бүртгэсэн анхны газар гэдгээрээ манай Нөмрөгийн ургамлын ай сав бүхэлдээ онцгой ач холбогдолтой. Бидний сонсож ч байгаагүй ховор нандин ургамлууд байдаг нь үнэн. Жишээ нь, Ганболдын удвал гэдэг нэр та бүхэнд содон сонсогдож байгаа байх. Aquilegia ganboldii гэх энэ ургамал нь холтсонцэцэгтэн овгийн удвал цэцэг. Монгол оронд ургадаг удвал цэцгийн таван төрлийн нэг нь. Эдгээр ургамлын тархацын 50 орчим хувь нь зөвхөн дорнод монголд ургадаг юм байна. Ийм л ариун дагшин нутгийн минь өв сан галд өртчихөөд байна.
“Эдгээр тоо бол зүгээр нэг статистик биш. Монгол орны бусад бүс нутгаас ялгарах өвөрмөц ургамлын аймаг, байгалийн ховор тогтоц энд хадгалагдан үлдсэний илрэл” шүү гэдгийг энэ эрдэмтэн анхааруулж байна. Тэгэхээр нэг сэтгүүлч уянгалж сүржигнэлээ гэж загнахаасаа илүү мэргэжлийн хүмүүс нь юу гэж үзэж, юунд харамсаж, ямар шаардлага тавьж байгааг хохирлын үнэлгээний явцад илүү тулхтай анхаараасай.
Ургамал бүр экосистемд өөрийн гэсэн үүрэгтэй. Хөрсийг тогтоон барьж, амьтдын идэш тэжээл болж, амьдрах орчныг бүрдүүлнэ. Тодорхой хөрс, чийгшил, температурын нөхцөлд ургадаг ховор ургамлууд амьдрах орчноо алдвал өөр газар тархан ургаж, өмнөх тархацаа сэргээх боломж хязгаарлагдах эрсдэлтэй гэж судлаач хэлж байна.
Тиймээс “Нөмрөгийн түймрийн дараа зөвхөн хэдэн га газар шатсаныг бус, ховор ургамлын тархац, популяцид ямар хохирол учирсныг тогтоох нь нэн чухал юм.Зөвхөн Нөмрөгт ургадаг 85 зүйлийн ургамал. Энэ тооны цаана байгалийн дахин давтагдашгүй үнэ цэнэ оршиж байна” гэсэн доктор И.Түвшинтогтохын үгээр энэ хэсгээ өндөрлөе.
Нөмрөгийн үнэ цэнэ зөвхөн ургамлаар хязгаарлагдахгүй.Ан амьтдын хувьд 57 зүйлийн хөхтөн, 263 зүйлийн шувуудын амьдрах орчин түйвээгдчихээд байна. Энэ бол Монгол орны зүүн хязгаарын биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд чухал үүрэгтэй нутаг гэдгийг мэргэжлийнхэн анхааруулж байна. Би Нөмрөгийн дархан цаазат газрын дарга Наранбаяртай дөнгөж түймрээс ирээд байхад нь уулзаж ярилцсан.
Тэрбээр галд өртсөн ан амьтантай таараагүй, мөн өмнөд хөрш рүү амьтад дүрвээгүй хэмээн ярьж байсан. Харин мэргэжлийн судлаач хүн хэлэхдээ “түймэр амьтдад зөвхөн шууд галын аюул учруулдаггүй. Үүр, ичээ, үржлийн орчин, идэш тэжээлийн эх үүсвэр, усанд хүрэх замыг нь сүйтгэдэг. Галаас зугтаж амжсан амьтад ч амьдрах орчноо алдсанаар цаашид эрсдэлтэй нүүр тулна” гэж онцолж байна билээ.
Манай зарим иргэд их түймрийн дараа ургамал илүү сайн ургадаг гэж хэлэх юм. Тийм ээ, өнгөн хэсгийн аливаад тэсвэртэй ургамлууд ургана. Дэлгэнэдэг дэлхий гэдгийг бид мэдэж байгаа. Гэхдээ агаарын дундаж температур нэмэгдэж, хуурайшилт ихсэхийн хэрээр нөхөн сэргэх хугацаа уртасч, ургамлын аймгуудын амьдралд өөрчлөлт гардаг гэнэ.
Ялангуяа өргөн уудам талбай шатсан тохиолдолд эх ургамал буюу үрийн эх үүсвэр багасаж, ургамал өмнөх орон зайгаа эзлэн ургахад хүндрэл учирдаг гэж ойн газрын дарга тайлбарласан байна.
Энд нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Хүмүүсийн хайхрамж болгоомжгүй үйлдлээс үүдсэн түймрийн хариуцлагыг байгальд даатгах ёсгүй. Байгаль өөрөө сэргэх чадвартай гээд мэдэмхийрээд байгаа хүмүүс хүний хариуцлагагүй үйлдлийн бурууг байгальд нь үүрүүлж үлдээх гээд байгаа юм уу гэх асуултыг би сөргүүлээд тавимаар байна. Байгалийн экосистемийг сэргээх ажил ганц удаагийн арга хэмжээ биш. Олон жилийн турш үргэлжлэх, асар их хөрөнгө мөнгө шаардагдах ажил.
2.Дорнодын их талаар бодолтойгоо хамт буцаж явахад яагаад ч юм сэтгэл өвдөж, эзэн биегүй атлаа хөндүүрт автаад яваагаа өөрөө ч ойлгож ядан байнам.
Биднийг залуухан сэтгүүлч явахад Дорнодод хайгуулын ажлаар яваа хятад мэргэжилтнүүдийн асуудал анх хөндөгдөж эхэлж байсныг санаж байна. Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнөх үе гэсэн үг. Тэгвэл өнөөдөр төсөл эхэлдгээрээ эхэлж, 20 орчим жил үргэлжилж байна. Гэсэн ч яагаад ч юм ард олны маань элгэнд тэврүүлсэн төсөл болж чадсангүй. Энэ л асуудал юм.
Учир нь ганцхан жишээ хэлэхэд, өнөөдрийг хүртэл газрын тос олборлох бүхий л үйл ажиллагааны улмаас үүссэн асар их хэмжээний хог хаягдлыг хаана, хэрхэн хадгалж, хааш нь тээвэрлэж, яаж устгалд оруулж ирсэн нь тодорхой биш. Зөвхөн энэ асуудал гэхэд манай иргэдийн дунд маш том хардлага үүсгэсэн. Үнэндээ Их Дорнодын ээрэм талаар минь элэг дэлүүгүй битүү цоолж суурилуулсан өрмүүд, тасралтгүй 24 цаг соруулан авч буй бидний баялаг, өгөхийн төлөө өрөө цөмлүүлэн тамирдсан газар нутгаа хараад сэтгэл зүрх харамсал харууслаар үерлэхгүй байхын аргагүй аж.
Би уул уурхайн мэргэшсэн сэтгүүч биш. Тийм ч учраас энэ салбараас хөндий явдаг. Хоосон хийрхэл, хэтрүүлсэн төөрөгдлөөс хол явах ёстой салбар гэж үздэг. Гэхдээ яагаад ч юм Дорнодоос буцах зам минь шаналал зовиураар дүүрэн байлаа. Дорнод аймгийн Халхгол болон Матад сумдын нутагт хэрэгжиж буй газрын тосны энэ төслийг хүмүүс яг ямар учиртайтөсөл болохыг тэр бүр мэддэггүй. БНХАУ-ын 100 хувийн Хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн манайтай бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт 20 орчим жил хэрэгжүүлж байгаа төсөл юм. Халхгол сумын нутаг дахь 21 дүгээр талбайгаас гэхэд өдөрт дунджаар 1100 тонн орчим түүхий нефть олборлож, Баянхошуу боомтоор БНХАУ руу гардаг. Тус төсөл хэрэгжсэн хугацаанд Монгол Улсын төсөвт 4–6 их наяд төгрөг төвлөрүүлсэн ч татварын маргаан сэлт тасардаггүй. Төсөл хэрэгжиж буй аймаг маань бахь байдгаараа. Чойбалсан хот сайхан хот. Олон шинэ байшин барилга баригджээ. Одоо ч барьж л байна. Эндээс харахаар Дорнодыг байгалийн баялаг нь биш, барилгын хэдэн компани нь авч яваа ч юм шиг. “Петрочайна Дачин Тамсаг” энэ оны улсын төсөвт 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн. Өнгөрсөн он жилүүдэд оруулсан зургаан их наяд төгрөг хаачив. Яагаад Дорнодын зам нь ч, тал нь ч там хэвээрээ байгаа юм.
3.
Дорнодын тал үнэхээр харьжсан, уламжлалт ёс жаягаасаа ч алсарсан санагдав. Тэрэндээ өөрсдөө гүн шигдсэн нь хамгийн том гуниг юм. Яйрч талхлагдсан замаар санжигануулж явахдаа хоорондоо хээв нэг “Тамын 50-ыг өнгөрч явна аа” гэх мэтээр ярьцгаах аж. Замынхаа баримжааг “Гунигийн 30, тамын 50” гэж ярьдаг болтол зовлондоо дасчээ.
Тэр бүү хэл давхиж явахад “Меланжаас Дорнод” гэсэн чиг заагч олон таарав. Утсаар ярихдаа мөн л Меланж өнгөрч явна, Меланж орчим гэж ирээд орилж сонсогдох нь хачирхалтай.
Меланж гэдэг нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Хашаатын цав уурхайд хөрс хуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг хятад компани. Бас л арван хэдэн жил тонгочуулж яваа “айл”. Нүүрсний олборлолт, экспорттой холбоотой хэл үг дагуулсан мэдээллүүдэд нэр нь олонтаа дурдагдаж байсан газар. Меланж гэх энэ компанийг хилийн шугамнаас ердөө тавхан километрт уурхайн олборлолт хийдэг гэж нутгийнхан ярих юм. Хуулиар олборлолт явуулах нь байтугай мал бэлчихийг хориглосон газарт асар олон техник оруулж ирсэн, ард нь "Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнэ, мөн МАН-ын улс төрийн нялхас байдаг гэж ч ярих юм.
Меланжийн хөндий гэтлээ манайжсан энэ “айл”-ын жинхэнэ ар талд хятадууд байдаг гэж би ч гэсэн хардаж байна. Меланж ийнхүү Дорнодод нутаг орны байршил тодорхойлогч болтол суурьшсан байж болно. Харин монголчууд бид яахаараа ингэж тэнэгэртлээ харьждаг байна вэ. Бидний өвөг дээдэс уул ус, булаг шандаа гүн гүнзгий бэлгэдэл шингээн нэрлэж үлдээсэн биш билүү.
Номун булаг, Баян улаан, Оргихын булаг, Уужмын хөндий, Өгсөхийн даваа гэх мэт утга гүн, бэлгэдэл ариун монгол нутгийн нэр ус энэ нутагт хаашаа орчихов оо. Өвгөдийнхөө тамгалж үлдээсэн тал нутгийг юу болгож орхих нь энэ вэ...
Дорнодчууд улс төрийн сонголтоо эргэж эргэцүүлэх цаг болжээ. Ямар гээчийн нүүдлийн, хүнийрхүү, харийнхантай хавтгай сүлбэлдсэн нөхдүүдээр өөрсдийгөө төлөөлүүлж ирээ вэ. Эх нутгаа түймэрдүүлж, тонуулж, талаа там, тавилангаа түйтгэр болгож дууслаа шүү дээ.
Минчийтлээ уурласан би Меланжийн хөндийг туулан буцаж явна...
МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг