Суурьшлын бүсэд нийт мянга орчим баавгай үзэгдсэн тохиолдол бүртгэгджээ

оруулсан Алсын Хараа

Орон нутаг, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээллээр иргэдийн суурьшлын бүсэд мянга орчим баавгай үзэгдсэн тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, Архангайд 8, Баян-Өлгийд 2, Булганд 43, Дархан-Уулд 110, Завханд 47, Хөвсгөлд 109, Увсад 16, Дорнодод 13, Хэнтийд 254, Төв аймагт 21, Сэлэнгэд 109, нийслэлд 14, Улсын тусгай хамгаалалтын захиргаадад 251, нийт 997 баавгай үзэгдсэнийг ОБЕГ мэдээлэв.

Орж ирсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай орж ирэх нь нэмэгдсэн байна. Иймд баавгай үзэгдсэн орон нутагт ажлын хэсэг байгуулан 24 цагаар шуурхай баг ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээллийг и-монголиа системээр хүргүүлж, мэдээлэл хүлээн авах 117 тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулж байна.

Амьтны тухай хуулийн 35.3.Ховор амьтны тоо толгойг зохицуулах үүднээс агнах зөвшөөрлийг эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн олгосон. Мөн судалгаа, шинжилгээ, соёлын зориулалтаар, иргэн хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор Дархан-Уул, Хөвсгөл, Увс, Завхан, Төв, Булган аймагт тус бүр 3, Сэлэнгэд 6, Хэнтийд 11, Нийслэлийн байгаль орчны газарт 3, нийт 9 аймаг, нийслэлд 38 хүрэн баавгайг өгнөх зөвшөөрөл олгожээ. Үүнээс одоогоор Хэнтийд 6, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Завхан, Төв аймагт тус бүр 2, Архангай, нийслэлд 1, нийт 20 баавгайг аюулгүй болгоод байна.

Засгийн газраас баавгайг унтуулах буу, сум худалдан авч, галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна.

Баавгайн халдлагаас өөрийгөө, бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, устгасан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий. Шадар сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу мал тооллогоос гадна зэрлэг ан амьтдыг, тэр дундаа хүрэн баавгайг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөж байна. УОК-ын III хуралдаан, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу баавгайн халдлагад өртөж амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийг хуулийн хүрээнд шийдэх ажээ.

Сэтгэгдэл бичих