АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна

оруулсан Алсын Хараа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар АН-ын дарга О.Цогтгэрэл ажилладаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт бүлгийн даргын ажлаа өгнө гэж мэдэгдсэн. Намын дарга бүлгийн даргыг хавсран хийх нь зохимжгүй гэж үзсэн бололтой. Тэгээд аравдугаар сарын 5-ны бүлгийн хуралдаанаар шийдвэрлэнэ гэсэн сураг улс төрийн хүрээнд тархаад байлаа. Гэвч өчигдөр АН-ын бүлгийн хуралдаанаар шийдвэр гаргасангүй. Энэ талаар О.Цогтгэрэл мэдэгдэхдээ “Бүлгийн даргаа өгөх шийдвэр арай тулгамдуу байлаа. Гишүүд ч тэр талаар яриа хэл гаргаж байна. Тийм учраас дараа долоо хоног буюу аравдугаар сарын 12-ны бүлгийн хурлаар бүлгийн даргын асуудлыг шийдэх боллоо” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү УИХ дахь АН шинэ бүлгийн даргатай болох нь бололтой. Сэтгүүлчид О.Цогтгэрэл даргаас “хэн бүлгийн дарга болох гэж байна” гэхэд “бүлгийн гишүүд шийднэ” хэмээн товчхон хариулсан юм. Ер нь бол АН-ын бүлгийн даргаар тус намын хоёр гишүүн яригдаж байгаа гэсэн. Энэ нь Х.Тэмүүжин, Б.Түвшин гишүүн нар юм.

Бусад гишүүн ч байгаа бөгөөд дээрх хоёр гишүүн сүүлийн үед голлон яригдаад байна. Б.Түвшин гишүүн бол анх удаа УИХ-д сонгогдсон хүн. Завхан нутгийн гаралтай, Мигдаатгалын ерөнхий захирлаар ажиллаж байсан. Х.Тэмүүжин гишүүний хувьд УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Өөрөө хэлэхдээ “Нам бол бүлэг фракцын гишүүдээс шалтгаалдаг. Бүлэг бол гишүүдээс шууд шалтгаална. Одоо бол бүлгийн дарга сонгох процесс эхлээгүй байна. Ярих юм алга” хэмээн хэлсэн. Тэр үгнээс нь харахад УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөх юм байна гэж ойлгогдоно.

Ер нь тэгээд улс төр яг халуурч эхлэх энэ цаг үед тууштай хатуу чиг шугамтай,туршлагатай гишүүн тус намын бүлгийн дарга байх нь зүйтэй гэж судлаачид үзэж байгаа. Засгийн газрыг огцруулах эсэх тухай, сайдуудыг сугалах эсэх гээд бас УИХ-ын гол ажил ирэх жилийн төсөв хэлэлцэх ажил зэрэг шил шилээ дагаад хүлээгдэж байна. АН улс төр сайн хийж чадвал улс төрийн оноо тус намд очоод л байна гэсэн үг. Намын улс төрийг хийхэд УИХ дахь бүлгийн дарга ихээхэн оролцоотой байдаг нь ойлгомжтой зүйл. Тиймээс улс төрийн туршлага, улс төрд оролцож байсан байгаа байдлыг нь дүгнэсэн ч тэр хуучин хашир улстөрч учраас АН-ын бүлгийн дарга байх нь зөв. Үүнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид үзэж байна. АН-ын бүлгийн даргын өмнө Засгийн газартай тохирох эсэх, МАН-ын эсэргүү гэгдэж байгаа 30-ийн бүлэгтэй эвээ олох, жижиг намын гишүүдийг татах гээд олон ажлыг зөв хийж чадвал ирэх сонгуульд амжилт үзүүлж чадах зам нээгдэх билээ.

Д.НАЦАГ

"Өдрийн сонин"

Сэтгэгдэл бичих