“Мэйханэ” хамтлаг монгол яруу найрагчдын шүлгээр дуу бүтээжээ

оруулсан Алсын Хараа

“World music” урсгалаар туурвидаг “Мэйханэ” хамтлаг 4 монгол шүлгээр дуу зохиож шинэ цомогтоо багтаажээ. Францын Buda Musique лэйблээр гарч буй энэхүү цомог 6 дугаар сарын 10-нд Парист нээлтээ хийж олон улсад цацагдах аж. Яруу найрагч Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын шүлэг ийнхүү олон соёлын нэгдмэл шинжтэй өвөрмөц дуу болжээ. “World music” буюу “Дэлхийн хөгжим” урсгал нь уламжлалт хөгжмийн зэмсгүүд болон бүтээлүүдэд суурилж шинэ хөгжмийн зохиомж, найруулга хийдэг онцлогтой аж.

Франц, иран хөгжимчдөөс бүрдсэн “Мэйханэ” хамтлагийн онгод бүтээлийн эх нь европ, монгол, иран ардын хөгжим юм. Зүүн Европын хүчирхэг хоолой, чөлөөт орон зайн мэдрэмж Монгол хөөмийн гүн гүнзгий хөгтэй нэгдэн нийлснээр гэгээлэг хийгээд увдислаг бүтээлүүд төрдөг. Чавхдаст хөгжмийн эгшиг нь Азийн тал хээр, Андалүзийг санагдуулан дуурьсдаг бол цохивор хөгжмийн хэмнэл нь перс уламжлалд суурилдаг аж. Эдгээр шүлгийг Парисын Дорно дахины их сургуулийн багш, орчуулагч Ш.Номиндарь сонгож орчуулснаар өрнө дорнын гурван улсын соёл шингэсэн дөрвөн дуу ийнхүү төржээ.

Шинэ цомгийнхоо дуунуудад тус хамтлаг Персийн сонгодог яруу найрагч Хафез, грек суутан Яннис Ричосын шүлгүүдийг сонгосон байна. Дашрамд дурдахад, 1993 онд гарсан “Enigma” хамтлагийн “The Cross of Changes” цомог анх удаа монгол дууны үг аялгууг дэлхийн хөгжимд түгээсэн гэж болно.

“Алсын газрын зэрэглээ”, “Тосонгийн оройгоор” дуу алдарт хамтлагийн уран бүтээлд багтсан бол одоо “The Hu” хамтлаг монголоороо дуулж рок хөгжимд байр сууриа батжуулж яваа юм.

Сэтгэгдэл бичих