Монгол Улс вакцины 2 тун тариулсан гадаадын жуулчинг шууд хүлээн авна, мөн манай улсад ирээд вакцинд хамрагдах боломжтойг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого аялал жуулчлал” хэлэлцүүлгийн нээлтийн үеэр онцоллоо.
Тэрбээр Монгол Улс тогтвортой бодлогоор жуулчин хүлээн авахаа албан ёсоор зарлаад, аялал жуулчлалын компанийг ажиллах нөхцөлөөр хангахын тулд ямар ч тохиолдолд хөл хорио тавихгүй, жуулчдыг хүндрэл бэрхшээлгүй хүлээн авна. Цар тахал дэгдсэн 2 жилд аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амссан тул богино хугацаанд ашиг орлогыг тэлж, эдийн засгаа сэргээхэд Засгийн газраас бүх талаар дэмжинэ хэмээв.
Энэ нь манай улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, цар тахлын шар түвшинд шилжсэнтэй холбоотой шийдвэр юм. Одоогоор дэлхийн 140 улс хилийн хориогоо цуцлаад байна.
Монголд жилд 500 мянга орчим жуулчин ирдэг ч сүүлийн 2 жилд мянга гаруй болж хумигджээ. Гадаад иргэдийн дийлэнх нь жуулчин бөгөөд 25 улсаас энгийн, 65 улсаас албан журмаар зорчдог байна. Манай улс өнгөрсөн 7 дугаар сараас 36 орны иргэнд богино хугацааны визийг цахимаар болон хилийн боомт дээр олгож байгаа. Цаашид энэ орны тоог нэмэх зорилготой аж.
Хэлэлцүүлгийн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ, ”Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын аялал жуулчлалын тоог нэмэх хүрээнд 3 хоногийн хугацаатай К3 визийг бий болгосон. Аяллын маршрут, хөтөлбөр, горимыг хоёр тал тохиролцоно. Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд хилийн чанадад суугаа иргэдээ улсаа сурталчлахад татан оролцуулах, олон улсын аяллын вакцины гэрчилгээ бий болгож, гадаадын улстай хэлэлцээр хийх зэрэг ажил өрнөж байгаа”-г тэмдэглэв.
Манай улсыг зорин ирэх жуулчдын 70 хувь нь түүх соёл, байгалийн үзэсэгэлэнт дурсгалт газрыг сонирхохоор ирдэг бол гадаад иргэдийн дийлэнх нь тодорхой мэдээлэлгүй байдаг. Иймд дэлхийд өөрийн улсаа хэрхэн дэмжих тухай урт хугацааны бодлого боловсруулж, үндэсний брэндийн судалгааг хийж байгааг Соёлын сайд Ч.Номин дурдлаа.