Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Европын хөл бөмбөгийн холбооноос /УЕФА/ зохион явуулдаг тэмцээнүүдийн тоглолтын өмнө тоглогчид болон шүүгч, дасгалжуулагч нарыг хоорондоо гар барихыг хориглолоо гэж тус холбооны хэвлэлийн алба мэдээлэв.
“Энэхүү шийдвэрийг коронавирусний халдвар тархалтыг бууруулах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу УЕФА-гийн бүх тэмцээнүүдэд хэрэглэнэ” хэмээн мэдээлэлд дурдсан байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод дэгдсэн коронавирусийн халдвар дэлхий даяар, тэр дундаа спортын томоохон үйл явдлууд болдог Европ тивд тархаад байгаа бөгөөд Итали, Франц, Британи зэрэг оронд "COVID-19"-өөр өвчилсөн хүний тоо нэмэгдсээр байгаагийн улмаас спортын олон тэмцээн уралдаан цуцлагджээ.
МОСКВА. /TASS/.