Арваад жилийн өмнөөс газрын тос олборлогч орон болсон Монгол Улс энэ салбартаа шат ахиж, түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Монгол эрдэмтэд, инженер, техникийн ажилтнууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр, тус улсын өндөр мэргэжлийн баг хамт олонтой хамтран босгох энэ үйлдвэр манай улсын хувьд цоо шинэ аж үйлдвэрийн суурийг тавьж, эрчим хүчний хараат байдлаас гаргах чухал ач холбогдолтойгоос гадна улс орны эдийн засгийн бие даасан байдал, техник технологийн дэвшил зэрэг мөнгөөр хэмжишгүй үнэт зүйлийг бий болгох юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас бүтээн байгуулах шатанд шилжиж, өнгөрсөн 10 дугаар сард анхны Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт(EPC-1)-ын гэрээ байгууллаа. Ажлын явц болон үйлдвэрийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Зөвлөх инженер, доктор Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Манай улс газрын тосны хайгуул, судалгааг 80-аад жилийн өмнө эхлүүлж байсан. Их хэмжээний хөрөнгө санхүү, цаг хугацаа, өндөр технологи шаарддаг энэ салбарын хувьд өнөөдөр томоохон амжилт гараад байна. Ер нь Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн үндэс суурийг хэрхэн тавьж байв?
Тиймээ, Монгол Улсад газрын тосны хайгуул судалгааны ажил 1940-өөд оноос эхэлсэн түүхтэй. 1960-аад оны дунд үе хүртэл тухайн үеийн ЗХУ-ын геологичид газрын тосны эрэл, хайгуулын ажлыг нэлээд эрчимтэй явуулсны үр дүнд манай орны зүүн ба өмнөд бүс нутагт тунамал хурдастай сав газруудыг тогтоож, улмаар Дорноговь аймагт Зүүнбаян, Цагаан элсний ордод түшиглэсэн газрын тос боловсруулах анхны үйлдвэр байгуулж байсан юм. Энэ үйлдвэр 20-иод жил ажиллаж байгаад тодорхой шалтгаануудын улмаас зогссон.
1990-ээд оны эхэн үеэс газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа дахин сэргэж, Англи, АНУ, ОХУ-ын мэргэжилтнүүд геологи хайгуулын ажил хийж, өмнө хийсэн ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч, “Соко Интернэйшнл”, “Рокойл(Говь)” компаниуд Тамсагийн сав газар, Зүүнбаян, Цагаан элсний ордод "Бүтээгдэхүүн хуваах" гэрээний дагуу газрын тосны хайгуул, туршилтын олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн. 2005 оноос эхлэн БНХАУ-ын “Петрочайна Дачин (Тамсаг)” компани Тамсагийн сав газар дахь газрын тосны 19, 21-р талбайд ихээхэн хүч, хөрөнгө зарцуулж, хайгуулын ажил, туршилтын олборлолт хийснээр энэ салбарын үйл ажиллагаа эрчимжсэн юм.
Манай төр засгаас газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилтыг нэлээд олон жилийн өмнөөс дэвшүүлж ирсэн. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр, тус улсын оролцоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь манай улс өөрийн газрын тосыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гарган авах үйлдвэртэй болох үндэс тавигдсан гэж хэлж болох юм. Үйлдвэрийн арийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн төрийн өмчийн “Engineers India Limited” (EIL) компани боловсруулан 2018 оны 11-р сард Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгснөөр энэ том бүтээн байгуулалтын төлөвлөлтийн дараагийн үе шатыг эхлүүлсэн юм.
-Үйлдвэр барих газрыг Дорноговь аймгийн Алтанширээ суманд сонгосон нь төмөр замаа түшиглэсэнд байх. Өөр ямар шалтгаан нөлөөлсөн бэ?
Монгол Улсад хүнд аж үйлдвэрийн цогцолборууд байгуулах хэд хэдэн судалгаагаар Дорноговь аймгийн Сайншанд сум тохиромжтой байршлуудын тоонд орсон байдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр маань манай төр засгийн төлөвлөж буй “Сайншандын Аж үйлдвэрийн парк”-ийн талбайд байршиж байгаа.
Хүнд аж үйлдвэрийг байгуулахад дэд бүтцэд ойр байх нь хамгийн гол үзүүлэлт болдог. Далайд гарцгүй манай орны хувьд төмөр замаа түшиглэхээс өөр аргагүй. Манай улс жил гарны өмнөөс л олон жилийн мөрөөдөл болсон төмөр замын төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа болохоос босоо тэнхлэгт ганц төмөр замтай улс. Нөгөөтэйгүүр, бүтээгдэхүүнээ нийлүүлэх зах зээл, тээвэр ложистикийн асуудал юм. Түлш шатахууны гол хэрэглэгчид нь төвийн болон говийн бүсэд оршиж байгаа тул эдгээр гол зах зээлийн дунд байршиж байгаа гэж ойлгож болно.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал, технологийн талаар товч танилцуулна уу?
Манай үйлдвэр жилд 1,5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, нэн түрүүнд орчин үеийн стандартын шаардлага хангасан, өндөр чанарын түлш шатахуун, тэр дундаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дизель түлхүү үйлдвэрлэх зориулалттай. Үйлдвэр маань технологийн үндсэн 12 байгууламжаас бүрдэнэ. Долоо нь патенттай технологи байна. Гүн боловсруулалтын буюу хоёрдогч технологийн байгууламжаар гидрокрекинг технолгийг сонгосон. Патенттай технологийн лиценз эзэмшигчдийн тендерт UOP Honeywell,Chevron Lummus Globel, Shell,Kinetics Technology, Technip, Merichem, Axens Solutions, Haldоr Topsoeзэрэг дэлхийн нефть-химийн салбарт тэргүүлэгч корпорациуд оролцож байна. Хүчин чадлын хувьд жижигт тооцогдо хманай үйлдвэрийн бүтээн байгуулалтанд технологио нийлүүлэхээр санал өгсөн дээрх компаниудад талархаж байна.
Цоо шинээр “Grassroot/Greenfield” нефть-химийн аж үйлдвэрийг говийн тал нутагт байгуулж байгаа учир бүхий л дэд бүтцийг шинээр байгууулах шаардлага бий болсон. 2018 оноос эхлэн манай төр засгийн шийдвэрээр үйлдвэрийн гаднах дэд бүтэц болох төмөр зам, авто зам, цахилгааны шугам, ажиллагсдын орон сууц байгуулах төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлж, эхнээс нь ашиглалтанд оруулаад байна.
Сайншанд хот ирээдүйд Эрдэнэт, Дархан шиг аж үйлдвэр дагасан томоохон хот болох эхлэл нь болсон Газрын тосны үйлдвэрийн 550 айлын хотхоныг шат дараалалтай ашиглалтад оруулахаар монголчууд бид өөрсдөө бүтээн босгож байна.
-Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн, хэдий хэмжээгээр үйлдвэрлэх вэ?
Үйлдвэрээс 840 мянган тн дизель,340 мянган тн автобензин, 80 мянган тн онгоцны түлш(Jet A1), 43 мянган тн шингэрүүлсэн шатдаг хий, 43 мянган тн зуухны түлш гарна. Үйлдвэр өөрийн цахилгаан станцтай байх юм. Үйлдвэрлэсэн зуухны түлшийн нэлээд хувийг станцдаа ашиглана.
-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шав тавьсан удаа олон ч бүтэмжтэй нь танай төсөл л байна. Тиймээс иргэдийн дунд хүлээлт өндөр байгаа. Ажил удаашрах вий гэсэн болгоомжлол ч байх шиг?
Төслийн ажил маань хоёр орны төр засгийн дэмжлэгтэйгээр эрчимтэй үргэлжилж байна. Ер нь том хэмжээний аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад маш их хугацаа төлөвлөлт, тэр дундаа инженерчлэлийн ажил шаарддаг. Манай компани болон төсөлд оролцогч инженерүүд, мэргэжлийн байгууллагууд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Үйлдвэрийн инженерчлэлийн ажил эхнээсээ бэлэн болж технологийн бус байгууламжуудын барилга угсралтын ажлыг ирэх оны 3 дугаар сараас эхлүүлэх гэж байна.
Шинэ салбарыг Монголд бий болгохоор ажиллаж байгаа манай хамт олон шийдвэрлэх хүндрэлтэй асуудлууд, шинэ сорилттой өдөр тутамд нүүр тулдаг. Олон улсын оролцоотой хэрэгжиж буй манай төслийн хувьд Ковид19 цар тахалтай холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдал төслийн хэрэгжилтэнд хүндрэл учруулж, цаг хугацаа алдахад хүргэж байна. Энэтхэг болон бусад улс орны инженер, мэргэжилтнүүдтэй өдөр тутам цахимаар холбогдож ажлаа хийж байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэрт өмнө хэрэглэж байгаагүй цоо шинэ техник, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлнэ. Үүнийг яаж импортлох вэ?
-Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан Зээлийн Ерөнхий хэлэлцээрт заасны дагуу үйлдвэрт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалын ихэнхийг Энэтхэг улсаас авах импортолно. Овор ихтэй техник, тоног төхөөрөмжийг далайн чанадаас, хэд хэдэн улсын нутгаар дамжуулан тээвэрлэх гэдэг бас л амаргүй ажил. Зарим байгууламжийг Монголд авчирч угсрах шаардлага гарах байх.
-Үйлдвэрийн түүхий эдийг хэрхэн хангах вэ?
Монгол Улс 2010 оноос газрын тос олборлогч орон болсон гэж би дээр хэлсэн. Үйлдвэрт Дорнод аймгийн Тамсагийн сав газар дахь хоёр ордын тосыг 50:50 хувиар хольж боловсруулна. Түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэнэ.
-Манайд олборлож байгаа газрын тосны чанар хэр вэ?
МонголынТамсагийнсав газрын түүхий тосны хүхрийн агуулга маш бага, хөнгөвтөр тосны ангилалд багтдаг. Харин тос нь парафинлаг шинж чанартай буюу зууралданги чанар ихтэй учир өндөр температурт царцамхай. Гэхдээ парафинлаг тосны хувьд анхны нэрлэгээс гарах дизелийн цетаны тоо өндөр, цэвэршүүлэхэд хялбарсайн талууд байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэр байгальд ер нь хэр нөлөөлөх эрсдэлтэй вэ?
Газрын тос нь байгаль дээрээ цэвэршсэн, хамгийн өндөр эрчим хүчний нягтралтай түүхий эд. Түүнийг боловсруулах болон шатаахад харьцангуй бага хорт бодис ялгаруулна. Байгальд сайн аж үйлдвэр гэж байхгүй ч бид үйлдвэрээ байгаль экологид хамгийн бага сөрөг нөлөөтэйгөөр байгуулахаар зорьж байна.
-Үйлдвэрийг ажиллуулах боловсон хүчний нөөц бүрдүүлэхэд хэрхэн анхаарч байна?
Үйлдвэр ашиглалтанд ороход 550 орчим инженер, техникийн ажилтан шаардлагатай. Манай төсөл анх 5 хүнтэй эхэлж байсан бол 2018 оноос хойш 2 жилийн хугацаанд 90 хүнтэй болж өргөжлөө. Газрын тос боловсруулах технологи, нефть-хими, агуулах сав, шугам хоолой, автоматжуулалт, иргэний барилга байгууламж, газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлийн 70 орчим инженер “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллаж байна. Ихэнх нь залуус. Бид боловсон хүчний нөөцөө үе шаттайгаар бэлтгэхээр “Сургалтын нэгдсэн хөтөлбөр” боловсруулж, дотоод, гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж эхлээд байна.
Манай компанийн инженер, мэргэжилтнүүд богино хугацаанд мэдлэг боловролоо дээшлүүлж, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зүрх сэтгэлээ зориулан чармайж байгааг харахад баяртай байдаг. Энд ажиллаж байгаа залуус маань ирээдүйд үйлдвэрээ амжилттай аваад явчих мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүд болно гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас өндөр шалгуур тавьдаг.
-Бүтээн байгуулалтад хэчнээн хүн ажиллах вэ?
Техник, эдийн засгийн үндэслэлээр механик барилга угсралтын ажил 36 сар үргэлжилж, жилд 5000-8000 хүн бүтээн байгуулалтанд оролцох тооцоо гарсан.
-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор манай нийгэм эдийн засагт ямар үр ашиг авчрах вэ гэдгийг та дүгнэж хэлнэ үү?
Аливаа томоохон төсөл хөтөлбөрийг мөнгөөр хэмжиж болдог, хэмжиж болдоггүй (tangible and intangibel)үр өгөөжөөр дүгнэж болно. Эдийн засагт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ салбар бий болсноор улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулж, улс орны үндэсний аюулгүй байдал, макро эдийн засагт нөлөөлөхүйц эерэг үр нөлөө үзүүлнэ. Төрийн сан хөмрөг арвижихын хэрээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнддээ илүү хөрөнгө оруулах боломж бүрдэнэ.
Мөнгөөр хэмжих боломжгүй өөр олон үр өгөөж бий. Манай улсад нефть-химийн шинэ салбарын техник технологи хөгжиж, ажлын байр олноор бий болж, говийн бүсэд шинэ аж үйлдвэрийн суурь тавигдана. Хамгийн чухал нь эрчим хүчний бие даасан байдалд онцгой ач холбогдолтой. Бид “Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо” гэдэг уриатай хамт олон.
-Та энэ төслийг гардан хэрэгжүүлж байгаа хүний хувьд газрын тос боловсруулах үйлдвэр Монгол, Энэтхэг хоёр орны харилцаанд ямар өөрчлөлт авчирсан гэж бодож байна вэ?
Манай төсөл Монгол, Энэтхэг хоёр ард түмний нэн эртнээс улбаатай найрамдалт харилцааг олон жилийн дараа шинэ шатанд гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ түүхийг эхлүүлж байна гэж бодож байгаа. Жишээ нь, төсөл хэрэгжүүлж эхэлсэн 2017 оноос хойш хоёр улсын төр засгийн хэмжээний өндөр түвшний хэд хэдэн удаагийн айлчлал, уулзалт зохион байгуулагдсан. Эдгээр харилцан айлчлалуудын ярианы гол сэдвийн нэг нь Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл байлаа.
Хувь хүний хувьд ажил мэргэжлээрээ Энэтхэг улстай, оюун санааны гүн гүнзгий боловсролтой энэтхэг хүмүүстэй учирснаа хувь тохиол гэж боддог. Энэтхэг хүмүүс зөвхөн мэргэжил мэдлэгээс гадна сэтгэлгээний мөн чанарын хувьд маш өндөр түвшинд хөгжсөн ард түмэн гэдгийг мэдэрч, тэднээс сурах боломж олдсонд хязгааргүй их талархдаг. Монголын ард түмэнд үзүүлсэн ач тусыг нь хэзээ нэгэн цагт хариулах юмсан гэж бодож явдаг юм.