Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагва гэдэг залуу таван сар шахуу ажиллаж байна. Энэ залуу нийслэлчүүд “биднийгээ” бодоод хуримаа ч хийлгүй яаравчлан ирсэн тухай утга уянгын нийтлэл шахуу мэдээг бид хөөрөлхөн уншиж байсан нь саяхан мэт. Нэг ёсондоо Х.Нямбаатар дарга явчхаад “өнчирч орхисон” биднийгээ удирдахаар ийнхүү яаравчилсан тухай мэдээ юм уу даа. Энэ залуугийн намтрыг харвал үнэхээр бичиг цаасны ажилтан байсан гэдэг нь харагдана. Нөгөө “хар даа” гэдэг шиг дор сийрүүлэв.
2010-02.11-2011-03.15 Монгол Ардын Нам Бүсийн зохицуулагч
2011-02.15-2012-03.17 Монгол Ардын Нам Ерөнхий нарийн бичгийн даргын туслах
2012-03.04-2013-04.06 Улсын Их Хурлын Тамгын газар Референт
2013-06.02-2015-07.06 Зүүний хүчний холбоо Зохицуулагч
2017-03.06-2018-04.02 Монгол Ардын Нам Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
2018-01.15-2020-01.25 Монгол Ардын Нам Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
2020-01.01-2024-10.14 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгч
2020-01.17-2021-01.28 Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга
2021-06.30-2025-11.20 Монгол Ардын Нам Намын байгуулалтын газрын дарга
2024-09.15 Монголын Социал Демократ Залуучуудын холбоо Ерөнхийлөгч
2025-11.20 Монгол Ардын Нам Нарийн бичгийн дарга гэх зэрэг юм. Ийм төрлийн ажил хийж байсан хүнийг монголчууд “цагаан гартан” гэж нэрлэдэг юм. Хар бор буюу аж ахуйн ажил хийж үзээгүй гэсэн үг л дээ. За ер нь гэрийнхээ хогийг ч гаргаж үзээгүй гэж хэлж болохоор. Яагаад гэвэл хуримаа ч хийж амжаагүй гэдгийг дээр дурдсан. Гэхдээ хоёр дахь амьдрал нь байсан юм болов уу даа. Яагаад гэвэл түүнийг Ерөнхийлөгчийн хүргэн асан гэдэг билээ. За нэг ийм залуу хот гэдэг том айлын аж ахуйг удирдахаар ирсэн л гэсэн үг.Хөглөрсөн их хот,энд “нарийн бичиг”-т хийх ажил байх уу. Энэ таван сард хийж бүтээсэн юм юу билээ гээд эргээд бодоход хийснээсээ илүү хааж боож зогсоосон нь их байх юм. “Содон” хорооллын зам юу ч хийсэнгүй. Гэмтлийн эмнэлгийн хажууд аль дээр барьсан гүүр хэвээрээ. “Сэлбэ” хотхон явж байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Мэдээж “Туулын хурдны зам” шууд зогссон. Нээрэн мах үнэд орлоо гээд хуучин хотын даргыг нь явуулсан. Одоо махны үнэ буугаагүй, харин бид тэр өндөр үнэд нь дасжээ гэх мэт. Харин бичиг цаасны ажил бол их хийж байх шиг байна. Би хотын дарга болсноосоо хойш ганц ч ам метр газар олгоогүй ч гэж байх шиг. Үүнийг нь уншсан нэг танил сэтгүүлч “юундаа ч гайхуулах билээ. Нэг айл л газаргүй хашаагаа босгож чадахгүй байгаа байлгүй” гэсэн нь их оносон мэт санагдаж байлаа. Уул нь аж ахуй мэддэг хүнд бол хориглох биш, зөвшөөрөх нь тустай юм л даа. Одоо “өвөл болохоор хүйтэн болдог” гэж гишүүн асан Билэгт гуайн үгийг сануулмаар байна. Үнэхээр хүйтэн болдог л доо. Хот хүйтрэхээр яадаг вэ. Хүйтрэхээр утаатай болдог, тог тасардаг, бас зам халтиргаа гулгаатай болдог. Манай цагаан гартай дарга цас орвол арилгадаг гэж мэдэж л байдаг байгаа даа гэж хүртэл бодох юм. Их л давс,бодис нөөцөлсөн гэнэ. Өвөлжилтийн бэлтгэл ерээд хувьтай л гэнэ. Мэдээж цаасан тайлан бол мань хүний чадах ажил юм чинь. Шөнө цас ороод л өглөө улаан түгжрэл, дээрээс нь тав зургаагаараа л мөргөлдөөд унадаг даа, зам дээр. Ядахдаа цас нь их орох сураг байгаад байдаг.
Д.Нацаг