Наадмын сорилго, Бүх цэргийн наадам, Даншигтай зургаадугаар сар

оруулсан Алсын Хараа

Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг 2025-2026 оны улирлын барилдаан хаалтаа хийх гэж байна.

Тус холбооноос өнөөдрийн байдлаар сумын цолтнуудын 10, аймаг, цэргийн цолтнуудын дөрөв, улс, аймгийн цолтой бөхчүүдийн 32 барилдаан зохион байгуулжээ. Харин энэ сард Монгол бөхийн өргөөнд хоёр барилдаан болно. Ингэснээр 2025-2026 оны улирал хаалтаа хийж, бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарцгаах юм.

Энэ жилийн хамгийн анхны цол, чимэг олгох барилдаан энэ сарын 6-нд болно. Тодруулбал, Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны түүхт 80 жилийн ойн нэрэмжит Бүх цэргийн наадмыг зохион байгуулахаар товложээ. Тус наадамд зодоглох бөхчүүдийг чансаагаар сонгох бөгөөд барилдах бөхчүүдийн квот тогтоосон билээ.

Тэгвэл энэ сарын 7-нд Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдааныг зохион байгуулна. Ингэснээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах улирлын барилдаан өндөрлөх юм.

Харин  “Хүрээ цам-Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдаан энэ сарын 27, 28-нд болно.

Сэтгэгдэл бичих