Саудын Араб хөгжөөн дэмжигчдэдээ ДАШТ-ий тасалбар үнэгүй олгоно

оруулсан Алсын Хараа

Саудын Арабын Хөл бөмбөгийн холбоо АНУ дахь хөгжөөн дэмжигчдэдээ ДАШТ-д оролцох шигшээ багийнхаа бүх тоглолтын тасалбарыг үнэ төлбөргүй олгохоор болсноо мэдэгджээ.

Энэхүү шийдвэрийг зургаадугаар сарын 11-нд эхлэх хөл бөмбөгийн ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэнгүүдийн суудал дүүрэхгүй байх вий гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) санаа зовниж буй үед гаргалаа.

Саудын Арабын шигшээ баг эхний тоглолтоо зургаадугаар сарын 16-нд Майами хотод Уругвайн багтай хийнэ. Хэсгийн шатны уг тоглолтын тасалбар 3000 орчим ам.долларын үнэтэй зарагдаж байгаа боловч зарагдаагүй үлдсэн тасалбар нэлээд их байгаа аж.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан FIFA үнэгүй тасалбар түгээх энэхүү хөтөлбөрийг зөвшөөрсөн байна. Учир нь цэнгэлдэх хүрээлэнгүүдийн суудлыг дүүргэж, тоглолтуудыг үзэгч багатай, хоосон суудалтай зохион байгуулахаас зайлсхийхэд тус дөхөм болно гэж үзжээ.

Ташрамд дурдахад, Саудын Арабын шигшээ баг FIFA-гийн чансааны 61 дүгээрт жагсдаг юм.

Ирэх долоо хоногт тэмцээн эхлэх гэж буй энэ үед тасалбар үнэтэй байгаа нь хөгжөөн дэмжигчдийг үргээсээр байгаа тул үзэгчдийн ирцийн асуудал FIFA-гийн "толгойн өвчин" болоод байна.

Үүний зэрэгцээ, тус холбоо тасалбар борлуулалтын маргаантай системээсээ болж шүүхэд дуудагдаад байгаа юм. Нью-Йорк, Нью-Жерси муж улсуудын Ерөнхий прокурорууд хөгжөөн дэмжигчдээс ирсэн гомдлын дагуу шалгалт эхлүүлжээ. Хөгжөөн дэмжигчид 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын үнэ болон суудлын байршлын мэдээлэл тэднийг төөрөгдүүлсэн хэмээн мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих