УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин иргэдийн хамгийн ихээр сонирхож буй 16 нас хүрээгүй хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барина гэж ярилаа. Түүний тодруулга яриаг хүргэе.
-Та 16 нас хүрээгүй хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах хуулийн төсөл өргөн барина гэж мэдэгдлээ. Энэ төсөлд эцэг эхчүүд ам сайтай байна. Энэхүү хаврын чуулганаар өргөн барьж амжихаар байна уу?
-Сошиал орчинд үр хүүхдүүдээ хамгаалах асуудал маш чухал болоод байна л даа. Ялангуяа хуурамч мэдээллээс, цахим залилангаас хүүхдүүдээ сэргийлэх, хамгаалах эрэлт хэрэгцээ үүсчихлээ. Ийм учраас 16 нас хүртэлх хүүхдүүдийг хязгаарлалтайгаар нийгмийн сүлжээнд оруулах хуулийн төсөл санаачилсан. Эцэг эхчүүд үнэхээр ам сайтай байна. Хуулийн төслийн хувьд одоогоор Боловсролын яамтай зөвлөлдөөд явж байна. Энэ хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барьж амжина. Үүнтэй зэрэгцээд AI ашиглан хүний дүр төрхийг зөв зохистой бүтээх тухай хуулийн төсөл бас яригдаж эхэлсэн. Цахим орчинд хүний дүр төрхийг АI ашиглан танигдахгүй хэмжээнд хүртэл хувиргах гэх мэт эрсдэлүүд гарч эхэлсэн учраас энэ хуулийн төслийг ярьж байгаа юм. Дашрамд дурдахад, миний бие хувь гишүүн байхдаа энэ талаарх судалгааг хийж байсан. Товчхондоо цахим орчинд хүний дүр төрхийг хэрхэн зөв зохистойгоор ашиглах вэ гэсэн агуулга бүхий хуулийн төслийг мөн өргөн барих гэж байна.
-Цахим орчинд AI ашиглан хүний царай төрхийг дуурайх асуудлыг хуульчилна гэдэг цагаа олсон зөв шийдэл байна шүү. Хиймэл оюун ухааны чиглэлээр хууль эрх зүйн орчинд хийх ажил хэр их байна гэж та харж байна вэ?
-Манай яамны хувьд Монгол Улсын хэмжээнд мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг бий болгох, хиймэл оюун ухааны бодлого стратегийг гаргах гээд нэн яаралтай ажлууд их бий. Ц.Баатархүү сайдын үед эхлүүлж байсан хиймэл оюун ухааны стратегийг үргэлжлүүлж, илүү бодитой болгохыг зорьж байгаа. Түрүүн танд онцолсончлон цахим орчинд аливаа зүйлийг AI ашиглан танигдахгүй хэмжээнд хүртэл хувиргаж, хуурамч байдлыг бий болгож байна. Ингээд харахаар бид цахим ур чадвар гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй болчихсон. Өнөөдөр бүх салбарт мэдээллийн технологижилт явагдаж байна. Энэ утгаараа бүх хүний амьдралд мэдээллийн технологи нөлөөлж байгаа. Тиймээс цахим ур чадварыг иргэддээ, төрийн албан хагачиддаа, үр хүүхдүүдээ суулгах нь хамгийн чухал зүйл болсон. Би түрүүн нэг судалгаан дээр ажилласан гэж хэлсэн дээ. Тэр судалгаагаар нийт иргэдийн 46 орчим хувь нь тодорхой түвшний цахим ур чадвартай байна. Төрийн албан хаагчдын 20 орчим хувь нь цахим ур чадвартай байна. Гэтэл төр засаг үйлчилгээнийхээ 70-80 хувийг цахимжуулчихсан. Өөрөөр хэлбэл, ийм нөхцөлд төрийн албан хаагчдын цахим ур чадварт онцгой анхаарах ёстой гэсэн үг. Тэгж байж төрийн үйлчилгээ иргэдэд хөнгөн шуурхай, хурдан түргэн, ямар ч чирэгдэлгүй хүрнэ.
-Өмнөх сайдын үед “И-март”, “Номин” зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд автоматаар И-баримт нь бүртгэгддэг ажлыг эхлүүлж байсан. Энэ ажил цаашаа үргэлжилж байгаа юу?
-И-Монголиа дээр ямар технологийг нэвтрүүлсэн бэ гэхээр И-баримтыг тухайн үйлчлүүлэгчийн банкны карттай холбочихсон. Үндсэндээ иргэн өөрөө зөвшөөрөөд банкны карттайгаа холбочих юм бол тухайн хүний бүх хэрэглэж байгаа баримтыг И- баримт бүртгээд НӨАТ-ын буцаан олголт олгогддог болсон. Энэхүү систем үргэлжлээд явж байгаа. Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд төрийн бүх цахим үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэдэг болгоно, төр өөрөө ямар нэгэн систем хөгжүүлэхгүй гэсэн бодлогыг гаргасан. Энэ бодлого энэ газрын тэргүүлэх бодлого байна. Энэ нь юу вэ гэвэл иргэн та сүлжээ дэлгүүрүүд, мөн үүрэг телефоны утаснууд гээд гээд энэ бүх аппликейшн дээрээ төрийн үйлчилгээг шууд авах боломжтой болж байгаа гэсэн үг. Үндсэндээ дан ганц И-Монголиа төрийн үйлчилгээг үзүүлэхгүй. Утасныхаа дуртай аппликейшнээр ороод паспортоо захиалдаг, иргэний үнэмлэхнийхээ лавлагааг авдаг сервисийг бид оруулахаар ажиллаж байна. Иргэндээ төрийн үйлчилгээг ойртуулах, хялбар болгох ийм бодлогыг төр барьж байгаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хуулийн цахим системийг шинэчлэх тал дээр ажиллаж байна. Жишээлэхэд, хувь хүн биеэрээ очиж байж нотариат хийлгэдэг асуудлыг иргэдэд чирэгдэлгүйгээр шийдэж өгөхөд анхаарч байна. Энэ ажил шийдэл болоход жаахан урт хугацаа шаардана. Цагдаа дээр хэрэг бүртгүүлдэг, прокурор хянаад шүүх рүү шилждэг хуулийн явц, цикл бүхлээрээ иргэнд өөрт нь хянагдаж болохыг мөн судалж байна. Үндсэндээ цагдаа, прокурор, шүүх дээр хаана нь удаад байгааг иргэн өөрөө хянаж байх, энэ бүх зүйлийг ил тод болгох асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч шийднэ. Мөн хууль, шүүхийн байгууллагуудтай хуулийн хүрээнд нэгдсэн байдлаар хамтарсан систем хийгдэхээр Засгийн газраас чиглэл гарсан.
Н.Баяр