УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг энэ долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Өчигдөр/уржигдар/ болсон байнгын хорооны хурал дээр та нэлээд эсрэг байр суурьтай дуугарч байсан. Чухам яагаад эсрэг байгаа юм бэ?
-Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай. Гэтэл энэ бол засаглалын асуудал, гишүүний ёс зүйн асуудал буюу иргэд, олон нийтийн хүсэл дээр хийж байгаа цэвэр улс төрийн тоглолт. Парламентын засаглалд аюул нүүрлэхүйц, цаашдаа сөрөг үр дагавар авч ирэхүйц хуулийн төсөл орж ирж байна гэж харж байгаа. Бид агуулгыг нь ярихаасаа өмнө эхлээд процессын шударга байдлыг харах ёстой. Ерөнхийлөгч яг энэ хуулийг санаачлах бүрэн эрхтэй юу гэдэг хамгийн том асуулт гарч ирнэ. Бүх ард түмнээс сонгогддог, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг шүү дээ. Ерөнхийлөгчийн чиг үүргийг онолын хувьд үндсэн гурван хэсэгт хуваадаг.
Гэтэл энэ гурван чиг үүргийнхээ аль хүрээнд нь санаачилж байгаа юм гээд асуухаар ЕТГ-аас өчигдөр (уржигдар) хариулахгүй байсан. Тэгэхээр алинд нь ч хамаарахгүй байгаа юм. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч парламентын дотоод үйл ажиллагаа руу орж байна уу гэдэг асуудал яригдана. Тайлбарлахдаа оролцоогүй гэж байгаа боловч УИХ-ын гишүүдийн асуудал гэдэг бол өөрөө парламент. Парламент гишүүдээсээ бүрддэг. Тийм байтал гишүүний асуудал руу оролцож байгаа нь парламент руу оролцож байна гэсэн үг.
-Ерөнхийлөгч ямар ч хууль санаачлах эрхтэй гэсэн тайлбар хэлээд байсан шүү дээ?
-Тэгсэн, гэвч энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Цаашид Үндсэн хууль судлаачид үүн дээр дуугарах байх гэж найдаж, итгэж, хүлээж байна. Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүд ямар хязгаарт баригдаж хууль санаачлах ёстой юм гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл энэ хязгаар, шугамыг даваад байна. Давж байгаагаа хамгийн гол нь үндэслэл бүхий тайлбарлахгүй, ямар ч хуулийг санаачилж болно гэж байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж хэлээд байгаа юм. Дээрээс нь Үндсэн хуулийн энэ өөрчлөлт парламентын засаглалтай улс учраас Ерөнхийлөгчийг парламентын үйл ажиллагаанд оруулахгүй л гэдэг логик шүү дээ. Харин ч эсрэгээрээ Ерөнхийлөгч парламентад тайлангаа тавих ёстой. Харамсалтай нь одоог хүртэл нэг ч удаа тайлангаа тавиагүй байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа нэг, хоёр удаа тайлангаа тавьсан гэж байдаг. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч нэг ч удаа тайлангаа тавиагүй байгаа. Тэгэхээр сүүлдээ засаглалын хувьд маш эргэлзээтэй байдал бий болгож байна. Турк, ОХУ зэрэг Ерөнхийлөгчийн засаглал руу аажмаар шилжсэн улсуудын түүхийг харахаар яг одоогийн арга замаар эхэлсэн байдаг. Эхлээд парламентын гишүүдийг маш нэр хүндгүй болгодог. Сүүлдээ парламент өөрөө нэр хүндгүй болдог. Тэгээд энэ парламент ерөөсөө болохгүй байна гэдэг давлагааг нийгэмд хүчтэй өрнүүлдэг. Улмаар бид ерөөсөө л нэг гарын удирдлага дор явах ёстой юм байна гээд Ерөнхийлөгчийн дарангуйллын засаглал руу шилждэг. Гэтэл яг энэ алхмаар одоо яваад байгаа байхгүй юу. Ерөнхийлөгч өөрөө орж ирээд парламентын ардчиллыг хамгаална. Би ийм зүйлийг өөрийнхөө байгаа цагт хийхгүй гэдэг мэдэгдлийг хоёр удаа хийсэн. Түүнд нь бид өнөөдрийг хүртэл итгэж яваа. Гэхдээ үйлдэл нь зөрөөд эхэллээ. Тийм учраас л энэ хуулийн төслийг хүчтэй эсэргүүцээд байгаа юм.
-ЕТГ-ын дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хоёр орж ирж хуулийн төслөө тайлбарлах үедээ гишүүдийг загнах, басамжлах өнгө аяс гаргаж байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн эрх мэдэл, оролцоо том байгаа учраас аппарат нь ингэж байна гэж шүүмжлэл явж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Байнгын хорооны бичлэгийг бүтэн үзсэн, дотор нь сууж байсан сэтгүүлчид үүнийг бичээд эхэлсэн байна лээ. Угаасаа ийм хандлага бодитой, мэдрэгдэхүйц байсан. Гэхдээ энэ бол бүгдээрээ субьектив дүгнэлтүүд. Танд ямар сэтгэгдэл үлдээх, надад ямар санагдсан гэдэг бол бүгд субьектив зүй. Гэтэл бид үүнийг хуульчлах гэж байна шүү дээ.
-Бүгдээрээ нэг ижил сэтгэдэг, боддог болгох гэж байна гэж үү?
-Тийм, үүнийг хуульчлах гэж байна. Тэгэхээр энэ өөрөө зөв үү л гэдэг асуудал. Танд тийм хандлага таалагдаж болно. Харин надад таалагдахгүй байж болно шүү дээ. Гэтэл энэ бүхнийг нэг талд нь гаргаж хуульчлаад, та ингэж л бодох ёстой. Ёс зүй гэж үүнийг л хэлнэ гэх гээд байна. Тэгэхээр энэ бол маш аюултай. Тийм учраас энэ асуудлыг маш болгоомжтой авч үзэхгүй бол субьектив дүгнэлтийг хуульчлах гэж байгаа нь хамгийн эмзэг асуудал. ЕТГ-ынхан үнэхээр тийм дээрэлхүү хандлагатай байсан. Би хоёр, гурван удаа асуулт асуусан. Миний эхний асуултад зайлсхийж, асуултаа тодруулдаа гэсэн. Тэгэхдээ ямар байдалтай, ямар нүүрний хувиралтай байсныг тэнд байсан хүмүүс, сэтгүүлчид бүгд харсан. Миний асуулт бол “Та намын гишүүнчлэлтэй юу” л гэж байсан. Үүнд нэг их хүний толгой эргээд, ойлгохгүй байна гэж бодохгүй байгаа. Тэгэхээр энэ бүхэн юуг илэрхийлж байна гэхээр эрх мэдлийн төвлөрөл бодит байдал дээрээ ямар болчихсон байгаа вэ л гэдгийг харуулж байна гэсэн үг.
-Ерөнхийлөгч болоод намаасаа түдгэлздэг хуультай. Гэвч танай намын дотоодод гарч байгаа хэрүүл тэмцэл, парламентад үүсээд байгаа зөрчилд Ерөнхийлөгчийн оролцоо их байна гэдэг зүйлийг судлаачид хэлээд байна. УиХ-ын болон МАН-ын гишүүний хувьд танд ийм хэт оролцоо Ерөнхийлөгчийн зүгээс мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэж байгаа, судлаачид ч ажигласнаа бичээд байгаа. Гэхдээ бид үүнийг цаасан дээр буулгаж баримтжуулж чадахгүй байсан юм. Харин өчигдөр (уржигдар) эхний баримт гарлаа гэж харж байгаа. Ажлын алба нь тэр чигээрээ намын гишүүнчлэлтэй төдийгүй хамгийн гол нь намд удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс байна. Тэгэхээр үүнийг нөлөөгүй гэж хэлэх үү. Эсрэгээрээ нөлөөтэй гэдгийг нотлох баримт өчигдөр/уржигдар/ маш тодорхой гарлаа гэж бодож байна. Гэхдээ энэ бол үе, үеийн Ерөнхийлөгч нарт байсан асуудал. Ер нь яах гэж Ерөнхийлөгчийг намаас нь түдгэлзүүлдэг юм бэ. Зөвхөн хувь хүнийг нь түдгэлзүүлээд байна уу. Эсвэл Ерөнхийлөгчийн институцийг улс төрөөс хараат бус болгох гээд байгаа юм уу гэдэг цаад үзэл санаа, агуулгыг нь харах хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулийн хуралдааны тэмдэглэлүүдийг харах юм бол Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог, эв нэгдлийн илэрхийлэл учраас улс төрийн үйл ажиллагаанд оруулахгүй. Асуудал бишдээд, эв түнжин муудаад эхлэхээр энэ хүн дундын зуучлагчийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Тийм учраас улс төрөөс ангид байх хэрэгтэй гэсэн заалт нь гарч ирсэн байхгүй юу. Ерөнхийлөгчийн институцийн байгууллагуудад ч энэ хамгаас их хамаатай.
-Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйлал бий болгохгүйн тулд Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог байх, институцийн хүмүүс нь нам бус байлгах хэрэгтэй гэдэг зүйл бас яригддаг. Тэгвэл энэ бүхнийг парламент хөндөх хууль эрх зүйн боломж бий юу?
-Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулж, УИХ-ын тогтоол гараад Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг. Маш олон хууль өөрчлөгдөх ёстой. Түүний нэг нь Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж үүрэг болгосон байдаг юм. Энэ хуулийг парламент санаачилж болох уу, үгүй юу гэдэг дахиад л маргаан дагуулна. Тэгэхээр үүн дээр Засгийн газар ажиллах ёстой. Харамсалтай нь долоон жил өнгөрч байна. Шинэ бүрдсэн Засгийн газар үүн дээр ажиллах байх гэж найдаж байгаа. Хууль зүйн байнгын хорооноос ч энэ тал дээр шахалтыг үзүүлнэ. Нөгөө талаараа 1992 оны Үндсэн хуулийн анхны бичвэр дээр парламентын засаглалыг сонговол Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно. Ерөнхийлөгчийн засаглалтай байвал бүх ард түмнээс сонгоно гэсэн хоёр модел байсан юм билээ. Гэтэл энэ хоёрыг 1992 онд хольчихсон. Түүнчлэн одоогийн энэ их зөрчил, идээ бээрийн хамгийн гол эх үүсвэр болчихоод байгаа юм. Тиймээс үүнийг яаралтай засах ёстой гэж хардаг.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ