О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын "шидэт уут" биш, ард түмний баялаг байх ёстой

оруулсан Алсын Хараа

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй төрийн өмчтэй холбоотой асуудлаар ярилцлаа.


-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл дээр ажиллах болсон талаар бичсэн байна лээ. Энэ хуулийн талаараа тодруулж хэлж өгнө үү?

-Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжин, улсын гэгддэг байсан асар их хөрөнгийг хувьчилсныг бид мэднэ. Их, бага хувьчлал, ягаан цэнхэр тасалбар аж ахуйн нэгжүүдийн хувьчлал гэх мэтчилэн Монгол Улс дахь өмч хувьчлалын үйл явцыг үндсэн дөрвөн үе шатанд хувааж үздэг. Анхны хувьчлал БНМАУ-ын ЗГ-ын тогтоолоор явагдаж байсан бол 1996 оны тавдугаар сарын 27-нд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиа баталсан нь төр өмчөө яаж бүртгэх, яаж хувьчлах, яаж үнэлэх талаар суурь зохицуулалт болсон. Өнгөрсөн хугацаанд явагдсан өмч хувьчлал нь Монгол Улсын зах зээлийн эдийн засагт шилжих үндсэн нөхцлийг бүрдүүлж өгсөн хэдий ч нийгмийн тэгш бус байдлыг бий болгосон нь ч бас бодит үнэн. Ганцхан жишээ дурьдахад, 1996 оны хууль батлагдсан даруйд Төрийн мэдээлэл дээр нийтэлж амжаагүй байхдаа өмч хувьчлал хэрэгжээд эхэлчихсэн тохиолдол ч бий. Төрийн болон орон нутгийн өмч, хувьчлал, зардал үр ашиг, засаглалын шинэчлэлийн талаар ярьдаг ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, өмчийг захиран зарцуулах эрх мэдлийн сонирхлоосоо салж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд суурь хуулиндаа бүрэн шинэчлэл хийж, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ гэхээсээ бусад өөрчлөгдсөн хууль тогтоомжинд нийцүүлэх маягаар 39 удаагийн нэмэлт, өөрчлөлт хийж ирсэн юм билээ. Харин энэ удаагийн хуулийн шинэчилсэн төсөл олон жил яригдсан өмчийн харилцааны шинэчлэлийн эхлэлийн чухал цэг гэж харж байна. Төрийн өмчийн хууль бол улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсэн нөхцөл гэж үздэг. Энэ утгаараа ч, хувийн эрх зүйн харилцаагаар мэргэшиж, төрийн болон олон улсын түвшинд ажиллаж байсан хүний хувьд ч мэдэж чадах бүхнээрээ хичээн ажиллана аа.

-Засгийн газраас өргөн барьсан хууль дээр УИХ-аас ажлын хэсэг гарч, илүү сайжруулж, алдаа оноог нь дэнслэх үйл явц өрнөдөг. Эхний байдлаар өргөн баригдсан хуулийн төслийг харахад танд хэрхэн уншигдаж байна вэ?

-Өргөн барьсан хуулийн үзэл баримтлал болон төслийг харахад, сум, дүүргийг өмчтэй болгох, өмчийн шилжилт хөдөлгөөнийг тодорхой болгох, эзэнгүй, орхигдсон, нуугдмал өмчийг олж авах бүртгэх, сайн засаглалын үзүүлэлтүүд болох ил тод байдал, хариуцлага, бүртгэл хяналтын тогтолцоог шинэчлэх дэвшилтэт заалтууд тусгасан байна. Харин өмчийг хэрхэн ангилах, өмчийг захиран зарцуулах этгээдүүдийн үүрэг хариуцлага, өмчийг шилжүүлэх, худалдах, хувьчлах, өмчийг үнэлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгах шаардлагатай гэж харж байгаа.

-Төрийн өмч гэхээр зөвхөн газар, барилга гэж бид ойлгоод байдаг. Гэтэл сургуулийн байрнаас нь гадна эргэн тойрны газар, соёл, эд өлгийн зүйл гээд төрийн өмчийн ангилалд орохоос аргагүй өмчүүд ч бий. Энэ асуудлыг тусгаж байгаа болов уу?

-Ажлын хэсэг маань хуралдаж, тодорхойгүй асуудлууд дээрээ ярилцаж мэдээллээ солилцоод явж байгаа. Энэ хуулийн төсөлд нийтийн зориулалтай өмч, тусгайлсан өмч гэж хоёр ангилсан боловч тэдгээрийн хооронд биет бус өмч болох өв соёл, оюуны өмчүүдийг хаягдсан, давхацсан байж магадгүй тал анзаарагдаж байгаа. Сургууль, цэцэрлэг, музей, соёлын төв, цэцэрлэгт хүрээлэн гээд нийтийн үйлчилгээний өмчийн хэлбэр, хэмжээ сүүлийн үед нэмэгдэж байгаа. Тэдгээрийг бүртгэх, эзэнжүүлэх, эрх зүйн хэлбэрийг нь тодорхой болгохгүй бол газраа, соёлын үнэт олдворуудыг хил гаргаж зардаг асуудлууд гарсаар байх болно. Үндэсний аудитын газрын тайлангаас харахад төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, нийтийн үйчилгээний татаастай байгууллагуудын захиран зарцуулах эрх мэдэл, хэмжээ, хариуцлага, хяналт тодорхойгүй байгаагаас хийдэл гарсаар байгаа. Ийм байхад, өмчийн үр өгөөж, ашигтай ажиллах нөхцөл бүрдэхгүй байх нь ойлгомжтой шүү дээ. Энэ бүгдийг засч залруулах хэрэгцээ шаардлага байна.

-Төрийн өмчийн бүртгэл хяналт сул байна гэдэг бид өмчөө хянаж чадахгүй алдаад байна гэсэн үг биз дээ. Төрийн өмч үнэгүйдсэн, шамшигдуулдаг байдалд хүмүүс дургүйцэж, сэтгэл дундуур байж ирсэн. Тиймээс энэ хуулинд илүүтэй ач холбогдол өгч хүлээж байгаа болов уу?

-Өнөөдөр төрийн өмч зарим хүмүүсийн хувьд дуусашгүй баялагтай "шидэт уут" болчихсон байна. Үлгэрт гардаг шиг нэг дарга ирээд гараа дүрээд л "энэ орд минийх, энэ банк минийх, энэ үйлдвэр минийх" гээд аваад явчихдаг. Дараагийнх нь дарга ирээд "энэ бааз минийх, энэ барилга минийх, энэ аж ахуй минийх" гээд авсаар байгаад сүүлдээ бүр өв соёл руу гар дүрж, улсынхаа Эрдэнэсийн санд хүртэл гар дүрсэн жишээ байдаг. Тэдэнд бол нээрээ л хүссэнээ авч болдог, ид шидтэй ёроолгүй уут шиг санагддаг байх.Харамсалтай нь тэр уут чинь дуусашгүй шидтэй биш шүү дээ. Нэг уутыг хоослоод, ёроолыг нь гөвчихөөд дараагийнх руу нь ордог. Тэр уутны эзэн нь уг нь ард түмэн юм. Тэр уут дотор бидний баялаг, бидний өв соёл, бидний ирээдүй байгаад байдаг. Бид энэ хуулиар тэр "шидэт уут"-ны амыг боож, дарга нарын гараас салгаж, эзэнд нь буюу ард түмэнд нь үр өгөөжөө өгдөг байх л гол зорилго нь.

-Өмч хувьчлалын эхнийхийг л хүмүүс мэдэхээс хэд хэдэн удаа болж байсныг төдийлөн мэддэггүй. Харин сүүлд Засгийн газраас хувьчлагдах газруудын жагсаалтыг оруулж ирсэн. Хуулиа чамбайруулж чадвал өмч хувьчлал сайн явагдаж, иргэд ч бухимдахгүй байх биз ээ?

-Засгийн газраас “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" чуулган дээр орж ирэхэд маш дутуу дулимаг байгаа нь харагдаж байсан. Зарим асуудлаар Засгийн газар өөрөө ч бүрэн дүүрэн хариулж мэдэхгүй зүйлс ч байсан. Өмнө нь явагдсан өмч хувьчлалын алдааг ахин давтахгүйн тулд бид “Долоо хэмжиж, Нэг огтол” гэдэг шиг энэ хуулийг маш нямбай сайтар нягталж, Улс орны болоод ард иргэдийн эрх ашгийг бүрэн дүүрэн тусгасан байдлаар боловсруулах нь чухал байна. Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагыг харгалзан сайжруулах боломжтой нэг чухал салбар бол төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд, тэдний өмч гэдэгтэй хэн ч маргахгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг зохицуулж байгаа хийдлүүдийг арилгах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, иргэдэд нээлттэй болгох, бүртгэлгүй, нуугдсан эд хөрөнгийг ил гаргах, бие бие рүүгээ чихэж хариуцлагын гадна үлддэг байдлыг өөрчлөх, нэгдсэн мэдээллийн суурь баазтай болгох гээд хийх ажил их байна.

-Гэхдээ энэ хувьчлал хуулиас хамаарахгүй УИХ-ын тогтоолоор явчих тал байна уу. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Миний бодлоор, энэ удаагийн өмч хувьчлалаас өмнө суурь хуулиа бэлэн болгох ёстой. Ялангуяа хувьчлах зарчим, үндэслэл, журам, шалгуурыг маш нарийн хуульчилсны дараа төрийн өмч хувьчлагдах, биржээр арилжаалагдаж, шилжих учиртай. Өнөөдөр иргэд үнэндээ итгэл алдарсан байна. Төрийн өмч бол иргэдэд ямар ч хамааралгүй, төрд байгаа хэдэн дарга нарынх гэж бодоход хүргэсэн. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн хугацаанд өмч хувьчлал иргэддээ төдийлөн хүртээлгүй, үр шим нь ирдэггүй, халаасанд нь тэмтрэгдэх өгөөжгүй явж ирсэн учраас тэгж бодохоос ч аргагүй. Зүй нь төрийн өмчийг хувьчилж, хувьд шилжлээ гэхэд өрсөлдөөнт эдийн засаг бий болж, тэр хэрээр нийгмийн үйлчилгээ ч сайжрах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Харин авлига бугшсан, төрд, мэдээлэлд ойр байгаа хүмүүст давуу эрх олгогдож, нийтийн баялгийг шамшигдуулдаг гажуудал үүссэн учраас ингэтэл итгэхээ байжээ. Ер нь энэ хуулинд бид ард түмний эрх ашиг, төрийн бодлогыг нарийн тусгаж өгөх шаардлагатай .

-Гэхдээ төр данхайсан, ашиггүй ажилладаг олон газар байгаа учраас хувьчлахаас аргагүй гэсэн ойлголтыг Засгийн газар маш хүчтэй өгч байгаа шүү дээ?

-Цөөнгүй тоогоор нэмэгдсэн төрийн өмчит компаниудыг цөөлж, хувийн хэвшил рүү шилжүүлэх ёстой ч зөвхөн энэ хэрэгцээн дээр дөрөөлөөд цөөн хэдэн хүнд баялаг төвлөрсөн энэ үед ямар ч зарчим тавилгүй хувьчлах нь хэдхэн хүнд Монгол улсын нийгэм, эдийн засагт монополь болох боломжийг л хангаж өгнө. Өөрөөр хэлбэл төрийн монополиос хувийн этгээдийн монополь болно гэсэн үг. Энэ нь төрд байснаасаа илүү сөрөг үр дагавар гаргах эрсдэлтэй учраас ийм байдалд оруулж болохгүй. Ер нь ашиг олдог бизнесийг ихэнхийг хувийнханд өгөөд хувийн хэвшилд тулгуурласан бизнес хөгжих ёстой байсан ч тэгээгүй, төр өөрөө булаагаад авчихсан. Үүний цаана албан тушаалтнууд хэрхэн аягласныг олон нийт мэдэж байдаг. Сан нэрээр юу, юу болж өнгөрсөн билээ дээ. Мэдээж, бас хувьчилж болохгүй зүй ёсны монополь болон стратегийн салбар гэж бий.

-Хувьчилж болохгүй стратегийн ач холбогдолтой салбар гэхээр юу юу багтах уу?

-Төрд заавал байх ёстой стратегийн ач холбогдолтой өмч гэж бий. Ус хангамж, ариутга татуурга, эрчим хүч, дулааны шугам сүлжээний дамжуулах гэх мэт зүй ёсны монополь буюу өрсөлдөөн байх боломжгүй дэд бүтцийн салбараас гадна, Эрчим хүч, батлан хамгаалах, стратегийн баялаг гэх мэт үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, нийгмийн тогтвортой байдалд чухал нөлөө бүхий салбарт төр оролцоотой байхаас өөр аргагүй. Хувьчлаад ашиггүй гэгдээд хаягдаж хоцордог газрууд ч бий. Гэхдээ үлдээх шаардлагатай газруудаа үлдээж, ил тод ажиллуулаад явах хэрэгтэй.

-Төрийн өмчийг бүртгэлжүүлж, хянаж байх гэдэг чухал агуулга. Энэ асуудал хангалтгүйгээс олон хөрөнгө шамшигдсан байх талтай. Үүнийг яаж шийдэх вэ. Гадны улс орнуудын сайн ямар жишээ байна вэ?

-Япон улс гэхэд 1948 онд Төрийн өмчийн тухай хуулиа баталсан байгаа юм. Тухайн үед төрд яг ямар өмч байхыг зааж өгөхдөө далайн хөлөг онгоцоос эхлээд навигацийн патент гээд оюуны өмчийг ч нарийн зааж өгсөн байх жишээтэй. Эрчим хүчний салбараа хувьчилсан ч дамжуулах сүлжээгээ төр мэдэлдээ үлдээсэн байдаг. Араас нь дагаж нарийвчилсан хуулиудаа 1952, 1955 он гээд гаргахдаа ангиллаа маш сайн гаргаж, төрийн захиргааны болоод ердийн өмч гэж ялгаад хэн, яаж зохицуулахыг тодорхой зааж өгсөн. Сангийн яам нь жил бүр тооллогоо хариуцаж хийдэг. Төрийн өмчийн бүртгэл буюу журнал дээрээ тариа будааг хүртэл бичиж, устгалд оруулсан бол яагаад, шилжүүлсэн бол ямар учраас гэж маш сайн хянадаг байгаа юм. Энэ нь цахим бүртгэлд орсон. Ер нь бүртгэл сайн байна гэдэг хяналт сайн байна гэсэн үг. Энэ хуулинд ч мөн цахим бүртгэлийг тусгасан байгаа.

-Нээрээ та хотын дэд даргаар ажиллаж байсан. Энэ үедээ Төв цэнгэлдэхийг нийслэлийн мэдэлд эргүүлж авчирч байсныг санаж байна. Тэр талаар жаахан ярьж өгөхгүй юу?

-Тэр бол ерөөсөө л "хулгайн механизм" байсан. Анх өмч хувьчлал нэрээр хувь хүмүүс 30 хувийг авч, удалгүй 49 хувийг эзэмшиж, нийслэл 51 хувийг нь эзэмшдэг, мэдэл нь төрд байсан юм. Гэтэл нэг өдөр ердөө 400,000 төгрөгөөр нийслэлийн эзэмших 2 хувийг авчихсан. Төсөөл дөө, олон тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг ердөө 400,000 төгрөгөөр л хувьдаа авчихаж байгаа юм. НИТХ-аар ч хэлэлцээгүй, иргэд ч мэдээгүй. Гэтэл наадам болохоор засвар үйлчилгээний бүх зардлыг нь улс, нийслэл гаргадаг, харин ашгийг нь нөгөө хувийн компани хүртдэг. Нийслэл ногдол олигтой ашиг авч үзээгүй. Тэр бүү хэл, Нэр ижилтэнгүүд нэгнийхээ гарын үсгээр дураараа бичиг баримт үйлдэн Төв цэнгэлдэхийн эргэн тойрны 38.6 газраас 24 га газрыг нь хүүхэддээ болон бусдад шилжүүлчихсэн байсан. Газрын алба нь хүртэл үүнийг хараагүй юм шиг явж ирсэн. Энэ бол зүгээр нэг алдаа биш, энэ бол "системийн дээрэм”. Бид үүнийг хуулийн хүрээнд ярьж байж нийслэл өмчдөө буцааж авсан. Мөн Сүхбаатар дүүргийн Дамбадаржаалин хийд байна. Бүртгэл, хяналтын асуудал сулаас сүүлдээ нийслэлийн өмч юм уу, хувийн өмч юм уу тодорхойгүй явж ирсэн асуудлыг ч бас хөндөж байлаа.

-Яг үнэндээ энэ хуулийн ард гарч чадах болов уу. Өмнөх өмч хувьчлалууд гэхэд л эрх барьж байсан аль, аль намын үед явж байсан. Одоо ч яригдаж байгаа дээр намууд эрх ашгаа шингээсэн гээд байгаа. Та чинь шинэ тутам гишүүн. Шинэ, хуучин эрх ашгууд таныг хөдөлгөж чадах уу?

-Олон хүний, магадгүй орон нутгийн "вант улсуудын" эрх ашиг хөндөгдөж л таарна. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ хууль бол ерөөсөө л улстөрчдийг тэжээдэг "шидэт уут" нь болоод ирсэн. Уутруугаа гараа дүрээд л хүссэнээ авдаг, хариуцлага нэхвэл зугатаж болдог “олон гарцтай” систем тэдэнд хэрэгтэй байсан байх. Тийм учраас л хариуцлагыг чангатгахгүй, бүртгэлийг сул байлгах сонирхол 30 жил үргэлжилсэн. Миний шинэ гишүүн байх нь хамаагүй. Яг үнэндээ хамгийн эмгэнэлтэй нь юу гээч? Тэр уутыг нь гөвөхөд дотроос нь юу ч унахгүй, ердөө л өр, алдагдал л гарч ирдэг болоход ойрхон байна. Энэ уут баялгаар дүүрэн байж, иргэддээ үр өгөөжөө өгдөг болгож, уутны амыг нь боож, хулгайч нарын гарыг тэндээс холдуулах ёстой. Энийг бид одоо хийхгүй бол өөр хэзээ гэж. Өнөөдөр би УИХ хурлын гишүүн гэдэг итгэл өвөртөлсний нэг шалтгаан энэ.

-Орон нутгийн өмчийн асуудал анхаарлын гадна үлдчихдэг тал элбэг байдаг байх аа?

-Ер нь Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд манай улсын эдийн засагт тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайлбал манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, ажиллах хүчний 10 орчим хувийг бүрдүүлж ажилладаг гэсэн тоо мэдээ бий. Гэвч олсон ашгийн дийлэнхийг Эрдэнэт болон Эрдэнэс тавантолгой компаниуд бүрдүүлж, дийлэнх нь төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нь үр ашиггүй, өндөр алдагдалтай ажиллаж байна. Тэр дундаа орон нутагт. Тэнд маш их зүйл мартагдаж, хаягдаж байна. Энэ бол хяналт сул байгаагийнх. Төрөөс өмч авна, авна гэж авчихаад, зардлыг нь дийлэхгүй буцааж өгөх хүсэлт явуулсан нь ч байна.Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын үр ашиггүй том бүтэц, чиг үүргийн давхардал, хийдэл, хяналтгүй байдал, зохицуулалтын шинжтэй асуудлууд, өмчийн оновчгүй байдлыг шийдээд явахгүй бол иргэд үнэндээ бухимдаж байна. Орон нутгийн эзэмшилд байгаа соёлын биет өвүүд, буган чулуун хөшөөд, бичээс байна. Музей орон нутгийн өмчдөө тооцогдоод явдаг. Гэтэл тэнд байгаа соёлын хосгүй өвүүд төрийн өмчдөө ордоггүй гээд шийдэх зүйлс их байгаа. Шамшигдуулалт бас маш их. Ер нь хаа сайгүй л байна. Хотын А зэрэглэлд төрийн байгууллага сарын 8 саяар байр түрээсэлж байгаа мөртлөө төрийн өмчөө түрээслэх болохоор сарын 800 мянган төгрөгөөр бусдад түрээсэлж байгаа нь ч байна.

-Энэ хуулийн ард гарахад нэлээд эр зориг гарч таарах байх. Таны бас нэг үзэлцээд байгаа хууль бол Тамхины хяналтын тухай хууль. Энэ хуулийг барьж авсан хүнийг харлуулах, аль нэг талын лоббинд автсан мэтээр харуулах нь их л дээ. Хууль маань ямар шатандаа явна вэ?

-УИХ-ын 78 гишүүн дэмжсэнээр Тамхины хяналтын тухай хуулиа өнгөрсөн есдүгээр сарын 19-нд өргөн барьсан. Өнгөрсөн 11-р сарын 27-ны өдөр хэлэлцэх эсэхээ шийдэж, хууль санаачлагчийн хувьд УИХ-ын босгыг давуулж, эхний даваагаа давсан. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ажлын хэсэгт хууль санаачлагч багтаж болохгүй учраас одоо Ц.Идэрбат гишүүн ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Гэхдээ миний үүрэг гүйцсэн гээд зогсож болохгүй, хуулийн үзэл санаагаа ярьсаар явна. Угаасаа энэ хуулийг барьж авсан хэнбугай ч байсан элдвээр хэлүүлдгийг бүгд мэдэж байгаа. Надруу ч дайрч байгаа. Манай нөхөртэй төстэй нэртэй асуудалд холбогдсон хүн бүрийг сошиалаар миний нөхөр болгон холбож, төлбөртэй түгээсэн. Хуулийн төслийг удааж, гацааж байгаад их хэмжээний тамхин бүтээгдэхүүн оруулж ирэх санаархал импортлогчдод байна. Одоо хил дээр электрон тамхи нэрээр сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хүртэл орж ирсэн ноцтой хэрэг удаа дараа гараад байна. Үнэхээр нэг ч гэсэн өдрийг алдахгүйгээр бид энэ хуулиа яаралтай хэлэлцэн батлуулах хэрэгтэй байна. Хэдхэн хүний ашиг сонирхол, Хятадын арван үйлдвэрийн ашиг орлогын өмнө бид сөхрөх юм гэж үү. Энэ хаврын чуулганаар эрхэм түшээд маань ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийн төлөө алхам хийнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Орон сууц захиалгын залиланд хохирсон олон иргэд байдаг юм байна. Танай Өргөдлийн байнгын хороон дээр энэ асуудлыг хөндөж ярих боллоо?

-Байраа захиалаад орж чадаагүй 5-10 жил болсон хүмүүс ч байна. Яагаад ийм олон жил энэ асуудлыг Засгийн газар, УИХ-аас шийдэхгүй ирсэн юм бэ гэж гайхмаар. Асуудал нь яамд хооронд, байнгын хороод хооронд асуудлаа хаячихдаг нөгөө л бидний ярьдаг салбар хоорондын уялдаа холбоо, шийдэл. Хэдийгээр бид хохирлыг шийдэж чадахгүй ч дараа дараагийн хүмүүс хохирохоос урьдчилан сэргийлж, бодлогын шийдлийг тодорхойлж, шийдвэр гаргагчдыг шахаж ажиллаж чадна. Өнгөрсөн 12-р сараас хойш үүн дээр ажиллаж дуугарсных хариуцсан яамд нь энэ чиглэлд ажиллаад эхэллээ.

-Яах аргагүй нэлээд шахаж ажиллаж байгаа харагдаж байгаа. Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн асуудлыг хуулийн хүрээнд амжилттай хийхийг хүсье?

-Одоо өмч, хувьчлал, шилжилт хөдөлгөөн, хяналтын асуудлаар дорвитой өөрчлөлт хийлгүй, хэт ерөнхий, тунхагийн шинжтэй хуулийн зохицуулалт хийж, гол асуудлыг сүүдэрт үлдээж хуульчилбал, албан тушаалтнууд хуулийн цоорхойг ашиглаж дураараа аашилсаар, эмх цэгцгүй байдал үргэлжилж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсээр байх болно. Тиймээс хийхээс аргагүй.

Э.МӨНХТҮВШИН

"Өдрийн сонин"

Сэтгэгдэл бичих