Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын 1.1 сая ам.долларын шагналын сантай нэгдүгээр зэрэглэлийн “BLAST Open Rotterdam 2026” тэмцээний хэсгийн шатны тоглолт өндөрлөлөө.
Дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Украины “Natus Vincere”, Францын “Team Vitality”, Монголын “The MongolZ”, ОХУ-ын “Parivision”, Саудын Арабын “Team Falcons”, Туркийн “Aurora Gaming” баг хасагдах шатанд өрсөлдөх эрх авчээ. “The MongolZ” багийн хувьд “В” хэсгээс хасагдах шатанд шалгарахын төлөө ОХУ-ын “Team Spirit”-ийн эсрэг өнөөөдөр өглөө тоглож, 2:0-ээр буулган авсан байна. Ингэснээр тэд хасагдах шатанд Туркийн “Aurora Gaming” багтай энэ сарын 27-ны баасан гаргийн 22:00 цагт тоглохоор оноолт таарчээ. Энэ хоёр баг томоохон тэмцээний хүрээнд нийт 12 удаа учраа таарч тоглоход “The MongolZ” өрсөлдөгчөө есөн удаа буулган авч байжээ.
“BLAST Open Rotterdam 2026” тэмцээний хасагдах шатны тоглолтууд Нидерландын Роттердам хотын 16 мянган хүний суудалтай “Ahoy Arena”-д энэ сарын 27-29-нд болно. Түрүүлсэн баг 250 мянган ам.долларын шагнал авах бол дэд байрт шалгарсан баг 160 мянган ам.доллар халааслах аж.