Б.Хулан өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа

Болгарын Софи хотод жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өчигдөр тэмцээний эхний өдөр манай дөрвөн тамирчин дэвжээнд гарснаас охидын 40 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Хулан Монголын жүдочдийн медалийн салхийг хагаллаа. Энэ жинд 17 тамирчин барилдсанаас Б.Хулан эхний тойрогт хийлж, дараа нь Казахстаны бөх Прякина Улянаг цэвэр ялсан ч шөвгийн наймд Узбекистаны Колучева Алинад вазаригаар ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Алжирыг, хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Сайфутдинова Эмилиаг юүкогоор ялжээ.

ДАШТ-д тэмцээнд анх удаа оролцож буй түүний хувьд өдгөө 15 настай бөгөөд “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, “Мон-Алтиус” ахлах сургуульд Х.Цагаанбаатар, О.Ууганбаатар, Д.Баттүвшин нарын удирдлагад бэлтгэлээ базаадаг ажээ. Тэрбээр энэ жил өсвөрийн УАШТ-д түрүүлснээр ДАШТ-д зодоглох эрхтэй болсон юм.

Тэгвэл өнөөдөр хөвгүүдийн 60, 66, охидын 48, 52 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас дээрх дөрвөн жинд зургаан тамирчин дэвжээнд гарах нь ээ. Тодруулбал, 60 кг-д Н.Тэгш-Очир эхний тойрогт гоц мөргөсөн бол Б.Цолмон-Од Тайванийн Ко По-Эрхтэй, 66 кг-д Ч.Тэмүүлэн, Йорданы Азданин Ашрафтай, охидын 48 кг-д А.Мишээл Македоны Стомиловска Анамариятай, А.Хонгорзул Азербайжаны Алакбарова Лейлатай барилдах бол 52 кг-д Б.Гүндэгмаа эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Киргиз, Шведийн бөхчүүдийн ялсантай барилдахаар сугалаа татжээ.

Сэтгэгдэл бичих