Хөнгөн атлетикийн ДАШТ-ийг 2022 он хүртэл хойшлуулжээ

оруулсан Алсын Хараа

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ 2022 он хүртэл хойшлуулах шийдвэрийг Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо гаргажээ. Ингэснээр АНУ-ын Орегон муж улсын Южин хотноо болох энэхүү тэмцээнийг 2022 оны долдугаар сарын 15-24-нд зохион байгуулахаар болжээ.

Токиогийн Олимп, Паралимпын наадмыг коронавирусний халдварын улмаас нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор ирэх онд зохион байгуулахаар товлож байсан хөнгөн атлетикийн ДАШТ-ийн хуваарийг өөрчилж буй нь энэ юм. ДАШТ 2021 оны наймдугаар сарын 6-нд Южин хотод эхлэх байсан бол Токиогийн Олимп 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэхээр болсон юм.

Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо холбогдох байгууллагуудын төлөөлөгчидтэй хэлэлцсэний дараа хоёр жил тутам зохион байгуулдаг тэмцээний шинэ товыг ийнхүү гаргасан байна. “Аливаа томоохон тэмцээнтэй давхцахаас сэргийлж, нухацтай төлөвлөсний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргаж, дэлхийн хэмжээний гурав хүртэлх тэмцээнд оролцох боломжийг тамирчдад бүрдүүллээ” гэж Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны мэдэгдэлд дурджээ.

Европын хөнгөн атлетикийн холбоо уг шийдвэрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Хөнгөн атлетикийн өмнөх ДАШТ 2019 онд Катарын нийслэл Доха хотноо болсон бол 2023 оны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо болох юм. МОНАКО. /Reuters/

Сэтгэгдэл бичих