“Токио-2020” зуны олимпын наадмыг 2021 онд зохион байгуулахаар Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монголын үндэсний олимпын хорооноос мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,
“Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас өгч буй зөвлөмжийн дагуу, шинэ коронавирусийн халдварын тархалтаас дэлхий дахинд үүсээд буй аюултай нөхцөл байдлыг харгалзан үзэж Олимпын хөдөлгөөнд оролцож буй бүх тал, тэр дундаа шилдэг тамирчдын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих зайлшгүй шаардлагын хүрээнд Олон улсын олимпын хороо болон “Токио-2020” зуны олимпын наадмыг зохион байгуулах хорооноос 2020 оны 7 дугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан олимпын наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах хүндхэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргалаа.
Энэхүү хамтарсан шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулсан бөгөөд Үндэсний олимпын хороодын холбоо /ANOC/, Азийн олимпын зөвлөл /OCA/, Олон улсын спорт холбоод, улс орнуудын Үндэсний олимпын хороодын хамтаар Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ мөн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
МҮОХ цаг үеийн асуудлаар ОУОХ, “Токио 2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдон гарах олимпын эрх олгох журмын өөрчлөлт, тэмцээнүүдийн хуваарь зэрэг мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно.
Олимпын их гэр бүлийн гишүүд, тамирчид, дасгалжуулагчид, ард иргэд та бүхэн ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг биелүүлж, өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан спортоор хичээллэхийг уриалж байна” гэжээ.