Осака хотноо болсон японы мэргэжлийн сумогийн хаврын тэмцээний сүүлийн 15 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 Их аварга Какүрюү М.Анандыг ёрикири мэхээр давж 13 даваа, 2 унаатайгаар Хару башёд 44 дэх түрүүгээ хүртлээ.
Сумогийн ордондоо үзэгчгүй явагдсан Хару башёгийн 15 дахь буюу сүүлийн өдөр Хакүхо их аваргатай адил 12 даваатай түрүү бөхийн төлөө барилдаж унасан Какүрюү их аварга өмнө нь долоо удаа Японы Эзэн хааны цомыг хүртэж байсан бөгөөд энэ удаа 12 даваа, 3 унаатай башёг дуусгалаа.
Хару башёг эхэлсэн өдөр /2020.03.08/ гуравдугаар сарын 8-нд 35 нас хүрсэн Их аварга Хакүхо ийнхүү түрүү бөхөөр тодорч Японы Эзэн хааны цомыг 44 дэх удаагаа хүртэн мэргэжлийн сумогийн түүхэнд алтан үсгээр бичигдэх хосгүй амжилтаа үргэлжлүүлсээр байна.
Озэки Такакейшо, Сэкивакег Асанояамад ошитаоши мэхээр унаж 50 хувийн амжилтаа үзүүлж чадалгүй, 8 унаатай башёг дуусгав. Харин Асанояама 11 даваа, 4 унаатай башёг өндөрлүүлж Озэки цол хүртэх болзлыг хангаж байна.
Харин Сэкиваке Шодай, Таканошод /М-9/ ошитаоши мэхээр 8 дахь даваагаа авсан бол Таканошо 12 даваа, 3 унаатай башёг дуусгав.