АХБ жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланг өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд танилцуулав. Шинэ тайланд дурдсанаар инфляц өсөж, гадаад худалдаа тасалдсан хэвээр үргэлжилж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын нөхцөл илүү чангарах хүлээлттэй байна. Мөн геополитикийн, гадаад хүчин зүйлийн эрсдэлтэй нөхцөл байдал шинээр бий болсон зэрэг нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд үлэмж хязгаарлахаар байна.
Харин ирэх онд ковидын цар тахлын сөрөг нөлөөлөл буурч, гадаад худалдааны тасалдал арилах боломжтой зэрэг эерэг үзүүлэлт гарч, эдгээрт тулгуурлан эдийн засгийн өсөлт нэмэгдэх төсөөлөлтэй байна. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг 2021 оны 1.4 хувийн нам түвшний өсөлтөөс 2022 онд 2.3 хувиар, 2023 онд дотоодын эргэлт, хөрөнгө оруулалт, ХАА, аж үйлдвэр, үйлчилгээний салбар сэргэж эерэг нөлөөлснөөр 5.6 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ талаар АХБ-ны ахлах эдийн засагч С.Болдоос тодруулав.
-Эдийн засаг өсөлтийг хязгаарлаж буй сөрөг хүчин зүйлийн нөлөөллийг та бүхэн дурдлаа. Тэгвэл эдийн засаг өсөх ямар үзүүлэлтүүд хүлээгдэж байна вэ? Энэ талын төсөөлөл, төлөв байдал ямар байхыг тодруулна уу?
-Энд 2022-2023 онд хүлээгдэж буй төсөөллийг дурдая. Нэгд, ковидын цар тахлын эсрэг хатуу хөл хорьсон, бизнес, эдийн засгийн үйл ажиллагааг эрс хумисан хязгаарлалтын шийдвэрүүд гарахгүй байх гэж хүлээж байна. Ирэх онд хилийн гацаа саад, боомтуудын үйл ажиллагаа одоогийнхоос сайжирч, жигдэрнэ гэж эергээр үзсэн. Иймд экспорт өснө, төлбөрийн тэнцлийн алдагдал буурна.
Хоёрт, гадаад зах зээлд төмрийн хүдэр, коксжсон нүүрс, зэс, бусад хүнд металлын нийлүүлэлт болон үнэ ханш одоогийн өндөр, тодорхой байгаа түвшинд хадгалагдах магадлал өндөр хэвээр байна. Эдгээр эерэг үзүүлэлтүүд. Гуравт, хувийн хэвшлийн зээлийг санхүүжилан дэмжиж буй байдал, ялангуяа, Төв банкны репо санхүүжилт үргэлжилэх юм байна гэж харж байгаа. Мөн Засгийн газар төсвийн зардлаа хумина гэж найдаж байна. Ингээд энэ онд 2.3, ирэх онд 5.6 хувиар эдийн засаг өснө гэж тооцоолж байгаа.
-Эдийн засагт сөрөг нөлөөллийн хүчин зүйлүүдээс гадна эерэг гарсан үзүүлэлт байна уу?
-Эрэлт талаас авч үзвэл эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн ганц эерэг үзүүлэлт байгаа нь хөрөнгө оруулалт. Улсын секторын болон гадаадын шууд хөрөнгө оруулалт, мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хуримтлал болон эдийн засгийг өсгөх чиглэлд нөлөөлсөн цэвэр экспорт хийж буй хүчин зүйл байна. Эдгээрийг одоо нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал байна. Мөн нэг эерэг зүйл нь төсвийн алдагдал өнгөрсөн жил 2020 онынхоос буурсан. Зардал өссөн ч орлого зардлын өсөлтийг нэлээн давж биелсэн.
-Гадаад хөрөнгө оруулалт хэдэн хувиар нэмэгдэхээр байна вэ?
-2022-2023 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт болон нэмэлт санхүүжилт зэргийн тооцвол гадаадын шууд хөрөнгө оруулалт 9.4 хувиар өсөх боломжийн төсөөлөлтэй байгаа.
АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран:
-Энд "Оюу толгой"-н хөрөнгө оруулалт дийлэнх хувийг эзэлнэ. Ирэх онд гүний уурхайн бүтээн байгуулалт дуусна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулагч нар хөгжиж буй орнуудад болгоомжтой ханддаг. Гадаадын банкууд зөөлөн бодлого явуулж байсан бол энэ онд бодлогын хүүгээ өсгөхөөр байна. Иймд ам.доллароор татах санхүүжилтийн өртөг өснө, боломж хумигдана. Багцын хөрөнгө оруулалт Азийн орнуудад (БНХАУ-аас бусад) буурч, гадагшилж байна.
Монгол Улсын хувьд гадаад, дотоодын хөрөнгө орж ирэх таатай, бизнес эдийн засгийн, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх нь чухал. Мөн хөрөнгө орох салбаруудаа эрэмблэж, энд хувийн хэвшилд илүү анхаарах шаардлагатай байна гэв.
Эдийн засаг өсөх байсан хүлээлтийг өөрчилсөн суурь хүчин зүйлд АХБ доорх сөрөг нөлөөллийг дурдаж байлаа. Үүнд:
- инфляцийн өсөлт, гадаад валютын нөөц багассан,
- геополитикийн эрсдэл өнгөрсөн оны 1-3 дугаар сард дундаж түвшинд байсан бол энэ онд өндөр болсон,
- төлбөрийн тэнцэл хасах үзүүлэлттэй гарсан зэрэг нөлөөлж байна.
Харин эерэг 2 байдлын нөлөөлөл нь дотоод дахь санхүүжилтийн хэрэгцээ өнгөрсөн оныхтой адил өндөр хэвээр байна. Мөн хил, гаалийн эрсдэл буурна гэж үзэж буйг мэдээллээ.