Эрдэнэс Оюу толгой амилах сураг

оруулсан Алсын Хараа
Өчигдөр бага үдэд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, зарим эрхэм гишүүд гэнэт хэвлэлийн хурал хийж Рио Тинто, Туркойз Хилл компаниудын Гүйцэтгэх захирлуудын ирүүлсэн саналыг танилцуулав.
Засаг, Рио Тинто хоёрын хэлэлцээний явцад Оюу толгой төслийн цаашдын хувь тавилан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын болоод хэтийн төлөвт нааштай олон чухал тохиролцоо орж буй тухай тэд ам булаалцалдан ярив. Энэ хоёр тал хэрүүл маргаан, мэтгэлцээн, зарга, дотоод ба гадаадын аудит шалгалт зэрэгт олон сар зарцуулсны эцэст одоо л ширээний ард сууж өгөө, аваагаа шийдэж буй бололтой.
Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг үгтэй болохоор Оюун Эрдэнэ гэдийж, Якоб Стаусхолм ч мэхийж нүүр тулан ярьсны үр дүнд учир зүйгээ ололцож байх шиг.
Риогийн Зэсийн группын дарга Б.Болд “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага”-ны тавиланг туулж буй эрхэм. Монголын иргэний паспорттой, Риогийн удирдах албаны нэрийн хуудас хармаалсан энэ залуу "агаарт татсан утсан дээр алхаж яваа"-тай дүйцэхүйц хэцүү алба гүйцэтгэн гүрийж буй нэгэн. Тэрбээр УИХ, ЗГ-ын шаардлага, дур хүслийг хангах, бас Риогийн дээд удирдлагын зорилго, даалгаварт нийцүүлэх гэж тамаа цайж яваа нь мэдээж. Х.Нямбаатар сайд бээр айлын талаас ирсэн албан тоотыг танилцуулдаг, цэргүүд нь сайдаа дагаж телевиз, интернэтээр л гэр хийдэг гэмээр харагдах. Хэлэлцээ хийх орчин цагийн Монгол арга юм болов уу даа.
Юутай ч гэсэн одоо хоёр талын хувьд нохойн дуу ойртсон бололтой.
Эрдэнэс Оюу Толгойн өрийн 70 хувийг тэглэх Риогийн санал гологдсон. Тээр жил Путин ах Монголын их өрийн 98 хувийг цуцалсан жишиг буй учраас 70 гэдэг багадна. Хойд ах нараасаа сурсан юмаа мартвал нүгэл болно. Гэхдээ “Монголросцветмет” хэмээх хамтарсан компанийг бараг 200 сая ам. доллароор худалдаж авсан шүү дээ, одоогийн ханшаар бараг 1 тэрбумд дөхөх биз. Энэ нь уг компанид Монголын талаас оруулах ёстой байсан хөрөнгийг Зөвлөлт ах нар зээлээр "даасан" орос капитал байж. Тэгээд их өр цайруулсны дараа энэ зээлээ хүүтэй юутай нь нэхэж авсан түүх. Их өр чингэж шийдэгдэхдээ Монголын гуравдагч хөршийн бодлогыг араа шүдэндээ чанга зуусан нь өөр түүх. Үүнийг орхиж Эрдэнэс Оюу толгой руу харъя.
Өрийн далан хувийн цайруулалт нь хангалттай бус учраас 100 хувь руу зүтгүүлэх нь буруу биш, хэлэлцээ юм чинь. Өгөө, аваатай хорвоо гэдэг. Хоёр бөхтэй тэмээ авахын тулд “гурван бөхтэй тэмээ” төлөвлөдөг зуршил социализмын үеийн улсын төсвийг зохиодог шилдэг аргын нэг байж билээ. Наймаанд ч илүү дуудаж байж санасан үнээрээ зардаг.
Эрдэнэ Оюу толгой болон Рио Тинтогийн нүгэл, буяны дансыг түүх бүртгэж дүгнэх нь цаг хугацааны хэрэг.
Тэнгэр арван хуруу тэгш бодгаль бүтээгээгүй болохоор хоёр талын аль алинд гээ ч бий, гоо ч бий. Үүнийг тэгшлэх үүднээс Эрдэнэс Оюу толгойн өрийг Рио өөрөө 100 хувь залгих аж. Чингэвэл Эрдэнэс Оюу толгой нь нэг хоногийн дотор нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй компани болж хувирна. Өөрөөр хэлбэл, одоогийн улаан данс нь хаагдаж уг компани амилж хөл дээр тэнцэж босно гэсэн үг. Учир нь зээлээр авч байсан мөнөөх 34 хувиа нэг ч төгрөг зарахгүйгээр өвөртөлж өмчлөх нь.
Ингэж амилчихаад олигтойхон байвал Монголын хөрөнгийн бирж, цаашилбал Нью-Йоркийн бирж дээр ч гарч компанийнхаа  үнэ цэнийг зузааруулж болох ирээдүй нээгдэнэ.
Ийм олзны тухай мөрөөдөх боломж бүрдэх биз.
Манай Ерөнхий сайдын цуцалтгүй зүтгүүлсэн санааны ард Эрдэнэс Оюу толгойг амилуулахын тулд 2.3 тэрбумын өрийг айлд үүрүүлэх, 1 тэрбум ам. долларын үнэлгээтэй компани үнэ өртөггүй шилжүүлж эзэмших, мөн нөгөө үүсэх таамаглалтай гэж шуугиулсан 22 тэрбумын өр гэгч муу ёрыг устгах, улмаар ногдол ашиг хүртэх өдрийг тулхтай ойртуулах зэрэг мэргэн нүүдэл байжээ гэж бодогдох. Тунгалаг тамирын баян Итгэлтийн хойд дүр гэвэл онож мэднэ. Монгол ухааны ийм  тусгал хүчтэй байх болтугай.
Харин эдгээр нүүдлийн учир начрыг монгол сэтгэлзүй, эх хэлээрээ шууд ойлгох Б.Болд бээр засагтай явуулж буй хэлэлцээний  айлын талыг удирдаж байгаа нь азтай хэрэг. Гэхдээ Риогийн дээд удирдлага, хувьцаа эзэмшигчдэд манай Засгийн нүүдлийг ойлгуулах, зөвшөөрүүлэх гэдэг нь нэн их лайтай бөгөөд тамтай ажил дөө. Гэхдээ тэрбээр арвин мэдлэг, туршлагатай хүмүүн. Б.Болдод тэнгэр туслах болтугай.
Дээрх хэвлэлийн хурлын маргааш нь Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны үнэ Нью-Йорк, Торонтод 14 хувиар өсчээ. Энэ нь Оюу толгой төсөл, Монгол Улс дэлхийд таалагдаж буйн тодоос тод илрэл гэсэн мэдээ энд тэнд гарч байна.
Ямар боловч энэ удаа Эрдэнэс Оюу толгой, Рио Тинто хоёр хэл амаа ололцож, өгөө аваагаа тохирч Ханбогд хайрхны бэл дэх Оюу толгой уурхай ашиглалтад орох зам нь нээгдэх шинж төлөв нь тодров. Ийм төлөв Монголын минь нэр алдрыг дэлхийд сайнаар цуурайтуулав. Харин энэ мэдээ мөнхийн хоёр хөршийн маань чихэнд ямархуу сонстсон бол?.
Оюу төсөл нь жирийн нэгэн уурхайн бүтээн байгуулалт мөртөө  улс төрийн бөмбөг болж, геополитикийн хавханд зуулгасан хатуу тавилантай учраад хувь заяа нь ээдэрсэн гэж бодогддог. Тийм учраас оролцогч талууд хохирсон гашуун түүхтэй. Одоо бүгд хожих цаг ирж буй бололтой. Цаашдаа уурхай шиг уурхай болж, улс төрөөс ангид, дотоод ба гадаадын жишигт нийцсэн бизнесийн засаглал, ёс жаягаар явж урт наслахыг ерөөе.

Сэтгэгдэл бичих