Ц.Даваасүрэн: Оюу толгой төсөлд харилцан тэгш оролцох нөхцөл бүрдэнэ

оруулсан Алсын Хараа

Оюу толгой төслийн талаар Монгол Улын Засгийн газраас тавьж буй саналыг хүлээн авч буйгаа “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компани илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг ирүүлжээ.

Уг албан бичгийн талаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон тус хорооны гишүүд хэвлэлийн хурал хийлээ.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн, “Бид олон жил Оюу толгойн асуудлаар маргалдсан. Тэгэхээр үр дүн гардаг юм байна гэдэг нь энэ захидлаас харагдаж байна. Ямар ч байсан Монголын ард түмэн 34 хувийн өрөө тэглүүлж чадлаа. Хоёр дахь асуудал нь Дубайн гэрээг цуцаллаа. Гэхдээ бид ямар асуудал тавьсан гэхээр энэ гэрээний дагуу зээл авах шаардлага байсан уу гэдгийг хөндлөнгийн аудит оруулж нягтлана гэж байгаа. Гуравдугаарт, эд нар дахиад зээл авч байж Далд уурхайн бүтээн байгуулалтыг хийхгүй бол зогсоно гээд айлгаад байсан. Гэтэл өнөөдрийн захидалд бол далд уурхайг ашиглалтад ортол нэмэлт санхүүжилтийн асуудлыг хөрөнгө оруулагч өөрөө шийднэ гэсэн байна. Мөн засаглалыг сайжруулна гэж байгаа. Одоо бид чинь үг дугарах нь байтугай санхүүгийн баримт бичгийг нь үзэж чаддаггүй шүү дээ. Тэгвэл одоо харилцан тэгш оролцох нөхцөл бүрдэх нь. Энэ бол маш том алхам гэж би үзэж байна. Цаашдаа харилцан бие биенээ хүндэлсэн зарчим дээр явна гэж харж байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Биднийг 22 тэрбум ам.долларын өрөнд оруулах байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэлээ. Үүний төлөө бид 2008 оноос тэмцсэн. 2017 оноос хойш УИХ дээр энэ төслийг шалгах ажлын баг байгуулах санал гаргасны хүчинд 2018 онд бүх яамны Төрийн нарийн бичгийн даргыг оруулсан ажлын баг байгуулж, улмаар УИХ-д дүгнэлтээ танилцуулсан. Үүний дагуу УИХ “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоол баталсан юм. Улмаар УИХ, Засгийн газар, Түр хороо нэг байр суурьтай байж үр дүнд хүрлээ” хэмээв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Дэлхийд нөөцөөрөө гуравдугаарт ордог энэ том ордоо бид бизнесийн зарчмаар хэвийн ажиллуулснаар Монгол Улс эдийн засгийн хувьд бусдаас хараат бус болно. Рио Тинтогоос Монголын талд ногдох өрийг тэглэх, цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэх, Дубайн гэрээг цуцлах зэрэг асуудлыг яг бидний хүссэнээр шийдвэрлэх боллоо” гэв.

Албан бичгийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг энд дарж үзнэ үү.

Ерөнхий сайдад ирүүлсэн албан бичиг:

Сэтгэгдэл бичих