МАН-ын 30 дахь Их хурал "Улаанбаатар палас"-ын танхимд үргэлжилж байна. Хуралд, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээ танилцуулав.
Тэрбээр, “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм. Энэ дөрвөн жил улс төрийн өрнүүн үйл явдал арвин, намын дотоодод өөрчлөлт, шинэчлэл оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байсныг онцлоод, “Өмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний зэрэгцээ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ажлыг хамтын хүчээр хийж гүйцэтгэсэн" хэмээн тодотгов. Мөн сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага гэж үзэж амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж буйг тэмдэглэлээ.
"Сонгуульд дараалан ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд улс орноо хөгжүүлэх үйлсийг эрхэм болгож, өнөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн сэтгэлээр ажиллах болно” гэлээ. Түүнчлэн тэрбээр МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж, гишүүнээр элсэх иргэдийн тоо өсч байгааг тодотгов. МАН-ын цахим бүртгэлд бүртгэгдсэн гишүүдийн тоо 278.716 хүрчээ. Үүнээс 54.7 хувь нь эмэгтэй, 45.3 хувь нь эрэгтэй, 76.1 хувь залуу болон дунд насны, 23.9 хувь нь ахмад гишүүд байгаа аж.
Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан юм.